Уурхайчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-10 10:06:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Шарын гол” ХК-ийн дэргэдэх сургалтын төв нь тус уурхайн өнөөгийн удирдлагуудын санаачилгаар хуучин Шарын голын “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн суурин дээр шинээр байгуулагдан ажиллаж эхэлжээ. Тус сургалтын төвийн дарга Д.Баяржаргалаас үйл ажиллагааны талаар тодрууллаа.

Тэрээр “Манай сургалтын төв нь уурхай байгуулагдахаас өмнө 1963 оны аравдугаар сард тухайн үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүд нийт 30 гаруй мэргэжлээр уул уурхайн салбарын ажилтнуудыг бэлдэж эхэлсэн түүхтэй. Одоо манай сургалтын төв хүнд машин, механизмын операторчин, засварчин, тоног төхөөрөмжийн механик, наладчик, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин зэрэг мэргэжлээр уурхайнхаа материаллаг бааз дээр суурилан сургалтуудаа явуулж байна.

Сургалтын төв маань хориод инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн өндөр ур чадвартай мэргэжлийн мастер сургагч багш нар ажилладаг. Манайх бүх төрлийн эксковатор, бульдозер, ковш зэрэг хүнд машин механизмын эд ангиудыг задаргаагаар тавьснаас гадна сүүлийн үеийн цахилгаан эксковаторууд, бүгдийг нь сургалтдаа ашигладаг. Манайх саяхан цахилгаан гидро хөдөлгүүртэй эксковатор авсан. Бид уурхайнхаа ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэхээс гадна Дархан, Сэлэнгэ зэрэг хойд бүсийн аймгууд болон ажлын дадал, туршлага олж авах гэсэн бүх хүнд зориулж сургалтаа явуулж байна гэв.

Мөн төгсөгчдийн чадамжийг шалган тогтоох, мэргэшлийн түвшин нь ямар байна, ур чадвар нь хэрэг байна гэдэгт  хөндлөнгийн үнэлгээ хийх зорилгоор Улаанбаатар хотоос “Үнэлгээ, Мэдээлэл, арга зүйн төв”-ийн арга зүйч багш нар ирж зөвлөмж туслалцаа үзүүлж үнэлгээ хийн ажиллаж байна.

Бид ойрын үед компанийнхаа хүний нөөцийн хэлтсийн захиалгын дагуу болон хөдөлмөрийн эрэлт хэрэгцээ, иргэдийн хүсэлтээр түгээмэл ямар мэргэжил эзэмших хүсэлтэй байна түүний дагуу зөвшөөрөл авсан мэргэжлүүдээр сургалтаа явуулна” гэлээ.

Уг сургалтын төвд багшилдаг уурхайн цахилгаан шугамын хэсгийн дарга н.Эрмурат: “Манай төв нь уурхайнхаа инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд сэргээн сургах болон гаднаас зөвшөөрөгдсөн мэргэжлээр шинээр ирж суралцахыг хүссэн хүмүүсийг авч сургаж байна. Манай энд давтан суралцсан ажилтнууд маань ажилчиддаа сургалт явуулах багшаар мэргэшинэ. “Модуль-1”, “модуль-2” сургалтууд дуусч сургагч багш гэдэг үнэмлэхтэй болж ажиллана. Ингэснээр нийт ажиллагсдын мэргэжлийн ур чадвар дээшлэх давуу талтай болно” гэж ярилаа.

 

Related news