Услалтын системийг ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 09:55:16

Баянхонгор аймгийн төвийг тойрсон ойн зурвасыг услах дусалгаатай услалтын системийг ажиллуулж эхэлжээ. Гунийн худгаас усаа татаж 1300 тонн ус нөөцлөх хиймэл нуур байгуулсан бөгөөд усалгааг дуслаар шингээж өгөх зарчмаар шийдсэн байна.

Услалтын системийн нээлтийг өнгөрсөн сард УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгорт ажиллах үеэр хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд услалтын системийн хэвийн ажиллагааг хангахад чиглэсэн ажлуудыг хийснээ албаныхан хэлсэн. Харин өнөөдөр хиймэл нуурыг усаар дүүргэх ажлыг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд нуур дүүрсэн даруйд ойн зурвас дахь моддыг услах ажил эхлэх юм байна.

“Хиймэл нууранд ус шахаж эхэлснээр элсний нүүдлийг бууруулах зорилгоор эхэлсэн ойн зурвас байгуулах ажил биеллээ олох боломж бүрдэж байна. Мод тарих бол буянтай ажил. Ард иргэд цэцэрлэгт хүрээлэн, эрүүл агаарт ойн зурваст салхилах цаг ойрхон болж” гэдгийг услалтын системийг хийсэн “Чандмань Баянхонгор” ХХК-ий удирдлага ярьж байв.

Өнгөрсөн онд аймгийн төвийн баруун хойд хэсгээр 27 мянган модлог ургамлыг төрийн албан хаагчдын хүчээр тус зурваст тарьсан байдаг. Тус моддыг байнгын арчилж, услах ажил хангалттай хийгдэхгүй байснаас ургалт төдийлөн сайнгүй байсан аж. Тиймээс тус ойн зурваст услалтын системийг төрийн өмчит орон нутгийн Хот тохижилт үйлчилгээ, Чандмань-Баянхонгор зэрэг аж ахуйн нэгжүүдийн тусламжтайгаар үндсэн өртгөөс 2 дахин бага үнээр буюу 200 гаруй сая төгрөгөөр байгуулж, ашиглалтад орууллаа.

Б.Мөнхзул

 

Related news