Байт сурын спортоор хүүхдүүд хичээллэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн БТСГазрын Байт сурын Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар ОХУ-ын Агын тойрогоос спортын мастер Баир Г.Б багш Хэнтий аймагт ирж ажиллаж, байт сурын спортыг хөгжүүлэхээр хүүхэд залуучуудыг бэлтгэн хичээллүүлж эхэллээ.
Түүний хувьд Хэнтий аймагт ажиллахаар урилгаар хүрэлцэн ирсэн бөгөөд ЕБС-уудаар явж, байт сурын спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг сонгон авч хичээлүүлж эхэлжээ. Одоо тус дугуйланд 13-18 насны 100 гаруй сурагч, 8 том хүн өдөр бүр тодорхой цагаар бэлтгэл сургуулилт хийдэг аж.
Монгол Улсад анхны дэлхийн аварга цолыг байт харвааны төрөлд Д.Дэмбэрэл агсан хүртсэн бол Паралимп гэдгийг юу байдгийг зарим хүн мэддэггүй шахам байхад 2008 оны Бээжингийн олимпоос байт харвааны төрөлд Д.Баатаржав алтан медаль хүртэн, монголчуудад энэхүү спортыг уцлам ойртуулжээ. Харин Хэнтий аймгаас ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг байт сурын харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Лондон 2012” зуны олимпийн XXX наадамд оролцож байсан, тив дэлхийд нэрээ дуурсгаж яваа тамирчин юм.
Дасгалжуулагч багш Баир Г.Б “Харваа гэдэг бол Монголын ард түмэнд олон зууны турш өвлөгдөн ирсэн гайхалтай уламжлалын нэг. Монгол хүний цус, генд байгалиасаа харвах авьяас байдаг. Тиймээс Монголынхоо нэрийг дэлхийд гаргах хамгийн боломжтой спорт бол байт харваа гэж хэлж болно. “Байт харваа нь найман настай балчраас наян настай буурал хүртэл харваж цэнгэж, наадаж болдог, хүний зан ааш, оюун ухааныг төлөвшүүлдэг спорт юм. Байт харваагаар хичээллэснээр хүн стрессээ мартаж, амар амгалан сэтгэлийн кайф гэдгийг жинхэнэ утгаар нь авдаг” гэв.
Үндэсний сур эрхийвчилж харвадаг бол байт харваа гурван хуруугаараа татаж харвадаг техникийн ялгаатай бөгөөд эрэгтэй нум нь 20кг, эмэгтэй нум 16 кг-ийг татаж байгаатай тэнцэхүйц хатуу байдаг аж. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжилт, биеэ хянах, бусад спортуудад хөрвөх зэрэг олон чадваруудыг суулгадаг ажээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг