Шөнө гэрэлтдэг тэмдгийг жуулчны бааз хооронд байршуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-07 20:43:37

Ирэх зунаас Дундговь аймгийн нутагт саатан аялах жуулчид шөнийн цагт гэрэлтдэг, өвөрмөц хийцтэй, байгалийн чулуун тэмдэглэгээгээр баримжаалан аяладаг болно. Ийм тэмдэг, тэмдэглээг тус аймаг дахь жуулчны бааз хооронд байршуулах ажээ.

Энэ талаар аймгийн БОАЖ- ын газрын мэргэжилтэн М. Мөнхзулаас тодруулахад, “45 см- ийн өргөнтэй 180 см- ийн өндөртэй, боржин чулуун дээр тухайн нутгийн онцлогийг илэрхийлэх зураг дүрслэлийг сийлсэн байхаар тэмдэглээний загварыг гаргасан. Шөнийн цагт дөрвөн тал нь гэрэлтэж харагддаг байхаар нийт 20 шахам тэмдэглээ хийнэ” гэлээ.

Жуулчид олон ирдэг жуулчны бааз хооронд тэмдэглээг байршуулах боловч яг хаана байвал илүү оновчтой вэ гэдгийг тухайн сумын ЗДТГ сонгож, аймгийн ажлын хэсэгт санал ирүүлнэ. Саналыг үндэслэн ажлын хэсэг эцсийн шийдвэр гарах ажээ.

Аялал жуулчлалын салбарт энэ онд хийхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг нь энэ бөгөөд үүнд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая төгрөг зарцуулахаар ИТХ баталсан байна.

 Т. Отгонтуяа

Related news