Исландын Ерөнхий сайд “Панамын баримт бичиг”-тэй холбоотойгоор огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-06 11:16:11

РЕЙКЬЯВИК. /BBC/. Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлёйгссон хөрөнгө мөнгөө оффшор компанийн дансанд нуун дарагдуулсан гэх дуулиантай холбоотойгоор огцорлоо.

Үүнээс өмнө Гюннлёйгссон огцрохоос татгалзаж байсан бөгөөд түүгээр барахгүй ийм дуулиан шуугиан гарсан үеэр парламентыг тараах хүсэлтийг Исландын Ерөнхийлөгч Оулавюр Рагнар Гримссонд тавьж байжээ.

Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан томоохон жагсаал цуглаан даваа гарагт Исландын парламентын ойролцоо болсон бол сөрөг хүчнийхэн түүнд итгэл үзүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэж сүрдүүлсэн байна.

Үүнээс гадна, Исландын Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан өргөх бичигт 23 мянган хүн интернэт сүлжээ ашиглан гарын үсэг зуржээ. Дашрамд дурдахад, Исланд улс 330 мянга орчим хүн амтай юм.

“Панамын баримт бичиг”-т дурдагдсан “Wintris” гэдэг оффшор компанийг Гюннлёйгссон гэргийн хамт эзэмшдэг гэх мэдээлэл өмнө нь гарч байжээ.

Гюннлёйгссон 2009 онд депутатаар сонгогдсоныхоо дараа энэ компанийхаа талаар хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт дурдаагүй байна. Найман сарын дараа тэрбээр компанийнхаа хувьцааны 50 хувийг эхнэртээ нэг доллароор зарсан байна. 2015 онд Ерөнхий сайдын эхнэр болох Анна Сигурлаун Паулсдоттирийн гарын үсэг зурсан баримт бичгийг үзвэл, түүний өв залгамжилж авсан олон сая доллароор  "Wintris” компани хөрөнгө оруулалт хийсэн ажээ.

Харин Исландын Ерөнхий сайд "би ямар ч хууль дүрэм зөрчөөгүй, эхнэр маань энэ хөрөнгө оруулалтаас ямар ч ашиг хүртээгүй" гэж мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

 

 

 

 

Related news