Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд, Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжин, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйг тэмдэглээд, энэ онд хоёр талаас хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал болон харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтооход залуусын оролцоог нэмэх, үүнд нийгмийн сүлжээний давуу боломжийг ашиглах, залуу судлаач, дипломатуудын оролцоотой “Peacebook” цахим сэтгүүл гаргах санаачилгынхаа талаар танилцууллаа. Мөн дээрх чиглэлээр Японы судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд эл чиглэлд мэдээлэл солилцож үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.