Олон улсын сэтгүүлчдийн баг Баянхонгорт ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 15:16:24

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шолхамер, олон улсын сэтгүүлчдийн хамт улирагч долоо хоногт Баянхонгор, Өлзийт сумд ажиллажээ. Олон улсын сэтгүүлчдийн багт Монгол, АНУ, Англи, Герман, Итали, Филиппинь, Канад, Хонгконгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл багтсан байна.

Аймгийн ИТХ-н дарга Д.Ширмэн, Засаг дарга Д.Жаргалсайхан, Орлогч дарга Д.Ганбаяр нар сэтгүүлчдийн багийг хүлээн авч уулзан, Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга өөрийн аймгийн онцлог, давуу тал, нөөц бололцоо, цаашид хийх ажлуудын талаар танилцуулжээ.

Сэтгүүлчид аймгийн удирдлагууд болон холбогдох хэлтэс, агентлагийн дарга нараас аймгийн зүгээс хүн амын хөгжлийн талаар баримталж буй бодлого, өвөлжилтийн байдал, малчдыг дэмжих хөтөлбөр бий эсэх, малчид мал маллахаас өөр хөдөлмөр эрхлэх боломж бий эсэх талаарх асуултуудад хариулт авсан. Мөн мал сүрэг өсч буйтай холбогдон бэлчээрийн асуудлыг хэрхэн шийддэг, байгаль орчин, нөхөн сэргээлтийн талаар, малчдын шагнал урамшууллын талаар, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд усны асуудал хэрхэх талаар мөн лавлаж байсан.

Мэдээлэл авсны дараа, Баянхонгор аймгийн төвд АХБ-ны санхүүгийн дэмжлэгээр цэвэр бохир усны шугам сүлжээнд хамрагдсан төрийн болон хувийн өмчит байгууллага, айл өрхүүдтэй танилцах аялалыг тус багийнхан хийжээ. Тус төслийн үр шим хүртэгчидтэй уулзахын сацуу Монгол оронд нүүрлэдэг зудын байдлыг газар дээр нь очиж үзэж сурвалжилсан байна. Аяллын төгсгөлд, тус багийнхан АХБ-ны Боловсролын шинэчлэл, Мэдээлэл харилцааны технологийг орон нутгийн сургуулиудад нэвтрүүлэх төслөөр дэмжигдсэн “Номгон” сургуулийн авьяаслаг бяцхан сурагчдын талархсан сэтгэлийн Урлагийн тоглолтыг үзэж сонирхжээ.

Б.Мөнхзул

 

Related news