Гадаад харилцаа өргөжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 14:50:02

Баянхонгор аймаг улирагч онд шинээр 2 улсын 3 муж, хошуу, хоттой гадаад харилцаа тогтоожээ. Тодруулбал, АНУ-ын Калифорни мужийн Вүүдсайд хот, БНХАУ-ын Альшаа аймгийн Эзнээ хошуутай найрсаг харилцаа хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж, Ганьсу мужтай харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Тус аймагт Дэлхийн зөн 1, Дэлхийн зөн 2, АДРА, Мерси корпс, Өвсний үндэс, Тогтвортой бичил уурхай, Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амьжиргаа зэрэг 8 төсөл хөтөлбөрийн төлөөлөгчийн газар аймгийн 20 сумыг хамруулж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн Швейцарын Хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалттай “Тогтвортой ноолуур” олон улсын төсөл хөтөлбөр шинээр Богд, Жинст сумдад хэрэгжиж малчдын бүлэг хоршоог дэмжих, ноолуурыг хагас болон бүрэн боловсруулж Европын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.

БНХАУ-ын ӨМӨЗО, Өмнөд Солонгос, АНУ-ын Нью-Йорк, Виржина муж, Тайланд улсын Бангкок, АНУ-ын бусад хотууд, Шенгений орнууд, Япон зэрэг 10 гаруй оронд зохион байгуулагдсан албан айлчлал, сургалт, хурал форум, туршлага судлах зэрэг арга хэмжээнд нийтдээ төрийн 52 албан хаагч, аймаг орон нутгийн удирдлага оролцсон байна.

Б.Мөнхзул

Related news