ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
ӨМНӨГОВЬ: ГБХЗХГ-ын хамт олон мюзикл жүжигт тогложээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ мюзикл жүжигт тогложээ. Тус хамт олон гэр бүл, хүүхдийн аливаа төрлийн хүчирхийлэл,  эрхийн зөрчил, бага насны хүүхдийн цахим хэрэглээ, өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголт мэдээллийг сонирхолтой хэвшмэл бус хэлбэрээр олон нийтэд хүргэхийг зорьсон байна. “Хөшгөө нээ” нэртэйгээр тоглогдож байгаа  мюзикл нь мэргэжлийн хүмүүсийн нүдээр, орчин цагийн гэр бүлийн асуудал хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрхэн нөлөөлж байгааг хөндөж чадсан юм. Тодруулбал жүжигт тухайн байгууллагын дарга, үйлчлэгч, нярав, жолооч нар бүгд оролцож өөр өөрсдийн дүрээр нийгмийн анхаарал татсан хөндүүр сэдвийг хөндөн хамгийн ойлгомжтойгоор гарган харуулахыг эрмэлзжээ. Хамт олноороо зохиол болон дууныхаа үгийг зохиож аймгийн ХЖТ-ийн найруулагч Гаябазарын  Амартүвшин найруулга хийж 2022 оны 11-р сарын 13-14-ний өдрүүдэд Ёл кино театрт  тоглолтоо  өргөн барьж байна. Энэхүү мюзикл жүжигт алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон тоглосон, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилсан төдийгүй, эцэг эх, асран хамгаалагч, өсвөр үеийнхэнд гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх   өргөн мэдлэг мэдээлэл өгсөн ач холбогдол өндөр анхдагч түүхэн үйл явдал боллоо.
965 days