ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
258 ширхэг номоор сан хөмрөгөө баяжуулжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Шинэ он гарснаас хойш Өмнөговь аймгийн төв номын санг шинээр 258 ширхэг номоор баяжуулжээ.  Орон нутгийн төсвөөс гурван сая төгрөгийн санхүүжилтээр 112 нэр төрлийн 167 ширхэг, улсын төсвийн зуу гаруй мянган төгрөгөөр 53 ширхэг ном худалдан авсан бол хандив бэлэгд 38 ширхэг ном ирсэн байна. Орон нутгийн хөрөнгөөр өндөр үнэтэй лавлагаа, танин мэдэхүй, хүүхдийн сонирхолтой үлгэрийн болон хүүхдүүдийн хүсэлтээр 3D ном болон хэлний номнууд, төсвийн хөрөнгөөр уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан уран зохиол, хувь хүний хөгжлийн номоор сан хөмрөгөө өргөтгөжээ. Залуучууд ихэвчлэн амжилт, хувь хүний хөгжлийн тухай, англи хэлний номнууд, амжилттай хүмүүс хэрхэн сэтгэдэг вэ, Хандлага, Соёмбо нэвтэрхий толь, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, монгол хэлний тайлбар толь зэргийг их уншдаг байна. Харин хүүхдүүд сургамжит өгүүллэгүүд, зурагт үлгэрийн номнууд болон 3D ном, Ухаан далай номоос эхтэй цуврал, Монголын уран зохиолын дээж 108 ботийг авч уншдаг ажээ.
2940 days