ӨМНӨГОВЬ
Өмнөговь аймгийн залуучуудын суурь судалгаа хийжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговьт аймгийнхаа залуучуудын суурь судалгааг хийсэн байна.  "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" -ийн санхүүжилтээр тус аймгийн "Төгс голомт" ТББ “Залуу манлайлагч” төслийг  хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд  Өмнөговь аймгийн залуучуудын суурь судалгааг хийсэн нь орон нутгийн төвшинд залуучуудын асуудлыг судалж буй анхны суурь судалгаа юм. Энэхүү судалгаанд тус аймгийн 15 сумын 15-34 насны 650 залууг санамсаргүй түүврийн аргаар оролцуулсан байна. Суурь судалгаанд залуучуудын асуудлыг залуучуудын үнэт зүйл, залуучуудын боловсрол, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын хөдөлмөр эрхлэлт амжиргаа, залуучуудын гэрлэлт, гэр бүл төлөвлөлт, залуучуудын аюулгүй байдал ба гажуудал, залуучуудын нийгэм улс төрийн оролцоо, бүл олон нийт, залуучуудын мэдээллийн эх сурвалж  гэсэн 8 бүлгийн хүрээнд нарийвчлан судалсан байна.
2900天
258 ширхэг номоор сан хөмрөгөө баяжуулжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Шинэ он гарснаас хойш Өмнөговь аймгийн төв номын санг шинээр 258 ширхэг номоор баяжуулжээ.  Орон нутгийн төсвөөс гурван сая төгрөгийн санхүүжилтээр 112 нэр төрлийн 167 ширхэг, улсын төсвийн зуу гаруй мянган төгрөгөөр 53 ширхэг ном худалдан авсан бол хандив бэлэгд 38 ширхэг ном ирсэн байна. Орон нутгийн хөрөнгөөр өндөр үнэтэй лавлагаа, танин мэдэхүй, хүүхдийн сонирхолтой үлгэрийн болон хүүхдүүдийн хүсэлтээр 3D ном болон хэлний номнууд, төсвийн хөрөнгөөр уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан уран зохиол, хувь хүний хөгжлийн номоор сан хөмрөгөө өргөтгөжээ. Залуучууд ихэвчлэн амжилт, хувь хүний хөгжлийн тухай, англи хэлний номнууд, амжилттай хүмүүс хэрхэн сэтгэдэг вэ, Хандлага, Соёмбо нэвтэрхий толь, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, монгол хэлний тайлбар толь зэргийг их уншдаг байна. Харин хүүхдүүд сургамжит өгүүллэгүүд, зурагт үлгэрийн номнууд болон 3D ном, Ухаан далай номоос эхтэй цуврал, Монголын уран зохиолын дээж 108 ботийг авч уншдаг ажээ.
2900天