Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-10 18:48:14
 Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байгаатай холбогдуулан аймгийн ИТХ болон Улаангом сумын ИТХ-аас Увс аймгийн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан, Чандмань улаан ууланд байрлах Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Дэчинравжаалин хийдийн лам нар ном хурах ёслол үйлдсэн юм.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг сум тус бүр дор бүрнээ зохион байгуулсан юм. Увс аймагт 1464 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэсэн тоо баримт байдаг бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар 1400 хүн цагаатгагдсан гэсэн мэдээ байна.
“Өнгөрсөн хугацаанд Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж, хорих ял болон цаазын ял эдэлсэн хүмүүсийн үр хүүхэд, ач зээ нарт нөхөн олговрыг ялын хэмжээнээс хамаарч 500 мянгаас нэг сая хүртэл төгрөгийг олгож ирсэн. Тэгвэл 2018 оны 1-р сарын 12-нд УИХ-ын чуулганаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийг олгоно, ингэхдээ тухайн хэлмэгдсэн иргэний одоо амьд сэрүүн байгаа эхнэр болон /нөхөр/, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхдэд уг мөнгийг олгохоор тусгасан юм. Үүний дагуу цагаатгагдсан 16 иргэний гэр бүлээс энэхүү нөхөн олговор хүртэх тухай материалаа ирүүлээд байна” хэмээн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ