Ж.Өлзий-Эрдэнэ: Хүү минь "Аав шигээ хүн авардаг" болно гэж бахархан хэлэхийг харах мэдрэмж сайхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-02 16:27:06

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Олон улсын гал сөнөөгчдийн өдөр 5 дугаар сарын 4-ний өдөр тохиодог. Эрдэнэт хүний амь, эд хөрөнгийг амь биеэрээ авран хамгаалж яваа чимээгүй баатруудын нэг Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 24 дүгээр ангид аврагч, гал сөнөөгчөөр 10 дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Өлзий-Эрдэнийг онцлон ярилцаж, гал сөнөөгчдийн ажлын онцлогтой танилцлаа.


-Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Та мөрөөдлөөрөө амьдарч байгаа юу?

-Тийм ээ. Би хүүхэд байхаасаа л цэрэг, цагдаагийн хүн болно гэж мөрөөдөж байсан. Насанд хүрээд хувийн шалтгааны улмаас цэргийн сургуульд орж чадаагүй. Гэтэл 2014 онд Төв аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгчийн ажлын байр зарласан. Ажлын байрандаа тэнцэж орчихоод өөрөөрөө их бахархаж байлаа. Одоо бол ажил минь миний бахархал юм. 



-Таны ажлын нэг өдөр яаж өнгөрдөг талаар хуваалцвал?

-Батлагдсан цагийн хуваарийн дагуу бидэнд хийх ажлыг минь төлөвлөж өгсөн байдаг. Дуудлага гарсан үед дуудлагандаа явж ирээд л сургалт, дадлагаа хийдэг. Мөн сургалт, дадлагагүй үедээ албан хаагчид өөрсдийн ажиллах таатай орчноо бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, өрөөний засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, сайн дурын ажил гээд их зүйл хийдэг. Хамгийн сүүлд бид амралтын өрөөгөө өөрсдөө тохижуулсан.



-Ажиллаж байх хугацаанд тань тохиолдож байсан хамгийн хүнд дуудлага юу байсан бэ?

-Хүний амь эрсэдсэн дуудлагууд сэтгэлээс гардаггүй үнэхээр хэцүү. Бас хүйтний улиралд цаг агаарын байдлаас хамаарсан дуудлага хүндрэлтэй байдаг. Өвөл гал унтраах үеэр хөдөлмөр хамгааллын хувцас маань нороод, хүний биеийн хэлбэрээр хөлдчихдөг. Ингэснээр хөдөлгөөн хоригдож, зарим үед бид өөрсдөө бээрэх хүндрэлтэй байдаг.


Бас эрлийн дуудлага цасан шуурганы үеэр явдаг учраас үзэгдэх орчин хязгаарлагдах, аврахаар очсон үед иргэд хүнд байдалд орсон байх, яарч явахад их хэмжээний цас ухах гээд хүндрэлтэй байх үе бий.



-Дуудлага хүлээж аваад, тус газар луу явж байх үеийн мэдрэмж, хамгийн түрүүнд бодогддог зүйл юу байдаг бол?

-Хүн л битгий бэртэж гэмтсэн, эрсэдсэн байгаасай л гэж чин сэтгэлээсээ залбирч явдаг. Очоод хамгийн түрүүнд тийм үйлдэл хийнэ гээд дотроо төсөөлөөд л, эрсдэлээ тооцоод л явна.


-Зориулалтын хувцас, багаж хэрэгслээс гадна биеэсээ салгалгүй авч явдаг багаж байдаг уу?

-Дохиоллын багаж байдаг. Үүнийг 2023 онд бидэнд нэгдсэн байдлаар өгсөн. Өмнө нь шүгэл байнга авч явдаг байсан. Өөрөө эрсдэлтэй нөхцөл байдалд орвол хэрэглэдэг байв. Дохиоллын багаж нь хүн эрсдэлд орж хөдөлгөөнгүй болсон тохиолдолд хөдөлгөөн мэдрэхээ болихоороо дохио өгдөг. Мөн сүх, амьсгалын бие даасан төхөөрөмж салгалгүй авч явдаг.



-Иргэд аврагч, гал сөнөөгчийн ажлыг хүнд гэдгийг маш сайн мэддэг. Та ажлынхаа онцлог талыг дурдвал?

-Бидний ажил иргэдэд тусалдаг, авран хамгаалдаг онцлогтой. Давуу тал олон бий. Тухайлбал, Залуудаа эрт тэтгэвэртээ гараад өөр ажил хийх давуу талтай, сурч хөдөлмөрлөх, өсөн дэвжих боломжтой. Мэдээж бид нарын хажууд эрсдэл байнга бий. Амь насны баталгаагүй ажил хэдий ч тангараг өргөсөн гэдгээ ухамсарлаж, омогшиж, зоригтой байдаг.  


-Ажилдаа байнга хэрэглэж, даган мөрддөг чухал зөвлөгөө байдаг уу?

-Миний багш ямар ч галын дуудлагад очсон хамгийн түрүүнд амьсгалын бие даасан төхөөрөмжийг заавал өмсөж бай гэж зөвлөдөг байсан. Ингэснээр чи өөрийгөө хамгаалж, амьд мэнд байж чадна. Чи амьд байна гэдэг нь бусдыг хамгаалж чадна гэсэн үг гэж сургасан учраас байнга ашиглаж сурсан байдаг.



-Амьдралдаа баримталдаг гол зарчим тань юу вэ? Зарчмаа зөрчдөг үе байдаг уу?

-Хэзээ ч, хаана ч дуудагддаг учраас цагийг чанд баримтлах зарчмыг баримталдаг. Маш түргэн шуурхай, хурдан хөдөлж байхгүй бол секунд, доль ч алдаж болохгүй. Цаг тухайд нь бүх зүйлсийг хийхийг хичээдэг. Яаралтай дуудлагын үед зарчмаа зөрчих ямар ч боломжгүй, харин төлөвлөж хийж байгаа ажилд аль болохоор зөрчихгүй, ухамсартайгаар хандахыг эрмэлздэг


-Гэр бүлдээ цаг зарцуулж чаддаг уу? Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Эхнэр, хоёр хүүхэддээ цаг гаргахыг их хичээдэг. Яаралтай дуудлагатай үед шууд орхиод явахаас өөр аргагүй үе бас бий. Гэсэн ч гэр бүлийн хүн маань ойлгодог учраас ажлаа хийхэд сэтгэл дүүрэн байдаг. Миний бага хүү аав шигээ хүн авардаг хүн болно гэж бахархан хэлэхийг харах мэдрэмж сайхан. Чөлөөт цагаараа спортоор хичээллэхийг илүүд үздэг. Ажлын байранд өөрийгөө хөгжүүлэх байр, спорт заал бий. Иймд бид бие биенээсээ үргэлж суралцдаг.



-Иргэдэд хандаад юу хэлэхийг хүсэж байна?

-Хуурайшилтын улирал эхэлсэн байгаа энэ үед иргэд болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл хийж хэрхэвч болохгүй шүү. Ил гал түлсэн бол заавал унтрааж, үнс нурмыг битүү төмөр саванд хийж, цахилгааны утсаа байнга шалгаж, үр хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг хүсэж байна. Хуурайшилтын улирлаар ой, хээрийн гал түймэр гарах эрсдэл үүснэ. Бас ахуйн түймрээс урьдчилан сэргийлж өөрсдийгөө болон бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахад хувь нэмрээ оруулаарай гэж хэлэхийг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ