Хятадын хоёр дахь интернэт шүүх нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-09-10 17:33:21
БЭЭЖИН. /Синьхуа/. Бизнесийн хэлцэл, хувийн мэдээлэл болон цахим оюуны өмчийг хамгаалах арга хэмжээг сайжруулах зорилгоор өнгөрсөн ням гарагт Хятадын нийслэл Бээжин хотноо тус улсын хоёр дахь интернэт шүүхийг нээсэн байна. 

Бээжингийн интернэт шүүх нь цахим орчинтой холбоотой тодорхой хэргүүдийг хянан шийдвэрлэх ажээ. Үүнд цахим худалдаа, гэрээний үйлчилгээ, зээл, зохиогчийн эрх зэрэг маргаанууд багтах юм.

Бээжингийн ардын дээд шүүхийн дэд ерөнхийлөгч Ан Фэньдэгийн мэдээлснээр, интернэттэй холбоотой гэмт хэргүүд сүүлийн хэдэн жилийн хугацаанд ихээхэн өссөн аж. Шинжлэх ухааны “Жунгуаньцюнь Фэнтай” паркад байрлах энэхүү шүүхэд дунджаар 10 жилийн туршлагатай 38 шүүгч ажиллах ба 24 цагийн турш нээлттэй байх юм байна.

Интернэт шүүхүүд нь Хятадын хурдацтай хөгжиж буй цахим үйл ажиллагааны томоохон баталгаа болж байна. Хятадад интернэт хэрэглэдэг 802 сая хүн байдаг ба тэдгээрийн 71 орчим хувь нь цахимаар худалдан авалт хийдэг ажээ. 2018 оны эхний зургаан сарын хугацаанд цахим худалдааны нийт өртөг 4.08 их наяд юань буюу 594 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Тус улсын анхны интернэт шүүх нь 2017 оны наймдугаар сард Ханьжоу хотод байгуулагдаж байжээ. Энэ шүүхэд эхний жилдээ 12 мянган хэрэг ирснээс 10600 нь хаагдсан байна. Энэ төрлийн дараагийн шүүх Гуаньжоу хотын өмнөд хэсэгт энэ сард нээлтээ хийх ажээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ