Д.Дашдаваа: 40 мянган хүн хэлмэгдэж, 30-аад мянга нь буудуулсан мэдээлэл бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-10 13:00:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил Их хэлмэгдүүлэлтийн 80 жил, Цагаатгалын тухай хууль гараад 20 жил болж байна. Энэ талаар Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр “Цаазлагдсан хэлмэгдэгсдийн хүүхдүүд” ТББ-ын тэргүүн, судлаач, өндөр настан Д.Дашдаваатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр юуны өмнө өнөөдөр Хэлмэгдэгсдийн өдрийг албан ёсоор 24 дэх удаагаа, албан бусаар 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буйг хэлэх хэрэгтэйг онцлоод, “Одоогоор манай улсад 40 мянган хүн хэлмэгдэж, 30-аад мянга нь буудуулсан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар бүрэн тоо гараагүй, гарах ч боломжгүй болчихоод байгаа юм. Жишээ нь, Дорноговь аймагт лам нарыг баривчлаад шоронд багтахгүй байна гээд 30 хүнийг буудсан байдаг. Өмнөговь аймагт хэлмэгдсэн хүмүүсийг ачих машин ирүүл гэж төв рүү захиад машин нь ирээгүй байх хооронд настай болон том лам нарыг аймгийн баруун хойд жалганд аваачиж буудсан гэдэг. Нийслэлд Хамбын овоон дээр 1000-аад хүний гавлын яс гарч байсан. Тэр бүх алуулсан хүмүүсийг бүртгэж байсан уу гэвэл юу л бол. Тиймээс Монголд хэлмэгдлийн үеэр хэдэн хүнийг баривчилж, хорьж буудсаныг яг тоо баримтаар гаргах боломжгүй, баримжаагаар 40 мянга л  гэж үзэж байгаа юм” гэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, “Өнөөдөр 1930-1940-өөд оны үед хэлмэгдсэн хүмүүсээс амьд байгаа хүн байхгүй гэж бодож байна. 1996 онд манай ТББ Нийслэлийн цагаатгалын салбар комиссынхонтой ярьж байгаад нийслэл Улаанбаатар хотод амьдарч, оршин сууж буй хэлмэгдсэн иргэдийн хүүхдүүдийн шинэчилсэн бүртгэлийг явуулахад 253 хүн байсан. Цаазлагдан хэлмэгдэгсдийн хүүхдүүд гэж 171 хүн, цаазлагдаагүй ял эдэлсэн хүмүүсийн хүүхдүүд гэж 80-аад хүн бүртгүүлж байсан. Гэхдээ манай тэр бүртгэлийг бас яг бүрэн гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл бүртгүүлсний үр дүн гарахгүй байна гээд бүртгүүлээгүй хүмүүс ч бий. Мөн хэзээ хойно ирээд манайхны нэр алга байна гээд бүртгүүлье гээд ирэх хүмүүс ч байсан учир тэр бүртгэл яг бүрэн биш. Нийслэлийн хэмжээнд бүртгэл явуулсан ч улсын хэмжээнд бол хийгээгүй ирсэн гэж үздэг. Нийслэлд хүн амын 50 хувь байдаг, ялангуяа хөгшчүүлийн ихэнх хувь нь амьдардаг гэж үзэхээр хэлмэгдэгсдийн бүртгэлийг барагцаагаар гаргаж  болох юм байна гэж үзсэн” гэв.
Хуулийн тухайд тэрээр хэлэхдээ.“1998 онд УИХ-аас Цагаатгалын тухай хууль гарч цаазлагдсан, баривчлагдаж хоригдсон гээд бүх хэлмэгдэгсдэд тэдний ар гэрт нэг сая төгрөгийн нөхөн олговор олгож ирсэн бол энэ онд дээрх хуулийг шинэчлэн найруулж цаазлагдсан хүмүүсийн ар гэрт 80 сая, хоригдсон хэлмэгдэгсдэд 40 сая төгрөгийг улсаас олгохоор болж энэ оны төсөвт хөрөнгийг суулгаж байгаа” гэв.
Б.Болд
Холбоотой мэдээ