Самбочид Азийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Индонез улсад болж байгаа “Жакарта-2018” Азийн наадмын самбо бөхийн тэмцээнээс Монголын тамирчид энэ өдрийн байдлаар нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна.
Манай 48 кг-д барилдсан самбо бөхийн эмэгтэй бөхчүүд болох Ганбаатарын Наранцэцэг, Баасансүрэнгийн Ойдовчимэд нар “Жакарта-2018” Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө барилдаж, Г.Наранцэцэг түрүүлж, Б.Ойдовчимэд аман хүзүүдлээ.
Азийн наадмын түүхэнд бичигдэх энэхүү барилдааны эзэд болох Б.Ойдовчимэдийн хувьд Казахстан, Узбекстан, Индонезийн бөхийг тус тус ялж шигшээд тунасан бол Г.Наранцэцэг нь Индонез, Казахстан, Узбекстаны бөхчүүдийг дараалан ялсан юм.
Өнөөдрийн барилдааны эрэгтэйчүүдийн 52 кг-д Шаалуугийн Эрдэнэбаатар Киргиз, Сири, Казахстаны бөхийг дараалан ялж Азийн наадмын аваргын төлөө Казахстаны бөх Ибрагим Баглантай барилдан ялагдсанаар Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов.
Д.Өлзий