Зохиолч Х.Дуламсүрэнгийн хос номын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-09 16:08:42

Зохиолч Х.Дуламсүрэнгийн “Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” шүлгийн түүвэр, “Учрах тавилан” бэсрэг роман уншигчдын гарт очиход бэлэн боллоо.

Түүний энэхүү хос номын нээлт энэ сарын 11-нд Интер номын дэлгүүрт болно.

Тэрбээр шүлгийн түүвэртээ амьдралын баяр жаргалтай мөчүүд, хайрын үнэ цэнэ, хорвоо дэлхийн гайхамшиг, хүний мөн чанар тэдгээрийн гэгээ гэрэлтэй талыг түлхүү гаргаж өгөхийг зорьжээ. Тус номд 2013-2015 онд бичсэн нийт 198 шинэ шүлэг багтжээ. Энэхүү ном нь түүний гурав дахь шүлгийн түүвэр бөгөөд өмнө нь 2005 онд "Зүрхэнд унасан нүд", 2010 онд "Сэтгэлийн зүйдэл" шүлгийн номоо гаргаж байв. Тэрээр сүүлийн жилүүдэд шүлэг зохиолоо цахим хуудсанд тавьж түүний шүлэг зохиолыг уншдаг, дэмждэг олон арван уншигчидтай болж чадсан юм. “Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” шүлэг нь хамгийн олон уншигчтай буюу нийт 80 мянган хүнд хүрсэн тул тэрээр шүлгийн номоо ийнхүү олонд хүрсэн шүлгийнхээ нэрээр нэрлэжээ.

Нийт найман бүлгээс бүрдсэн “Учрах тавилан” бэсрэг романд өнөө цагийн хүмүүсийн амьдрал, тэдний хувь заяа, үр хүүхдүүдийнх нь ирээдүйн хүсэл мөрөөдөл харилцан холбоо, тэдний хайр сэтгэлийн тухай сонирхолтойгоор өгүүлнэ.

Зохиолч хүний амьдралд сайн муу, хүнд хэцүү зүйл элбэг тохиолдог, түүнийг хүн зөв ухаанаар шийдэж, үр хүүхэд нь эцэг эхийнхээ алдаа дутагдлыг давталгүйгээр гэрэл гэгээтэй шинэ замаар амьдрах учиртайг гурван гэр бүлийн эсрэг, тэсрэг дүрүүдээр гаргаснаараа онцлогтой.

Мөн Монголын өнөөгийн нийгмийн хөгжил цэцэглэлт зөв гольдиролдоо орж үндэсний үйлдвэрлэл түлхүү хөгжин, залуус гадны улс оронд олон зуугаараа ажиллах биш эх орондоо ихийг хийж бүтээгээсэй. Үр хүүхэд гэр бүл битгий салж сарниж, өнчрөөсэй гэсэн гол санааг зохиолдоо түлхүү гаргаж өгөхийг зорьжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ