Уул уурхайгаас ашиг ологч эзэд ил гарахыг хүсэхгүй байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2018-08-30 17:24:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олборлох салбарт үйл ажиллагааг олон түмэнд ил болгосноор байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд хариуцлага хүлээлгэх боломжтой болно.
 
Энэ талаар "Миний Монголын газар шороо хөдөлгөөн"  ТББ-ын тэргүүн О.Отгонсайхан өнөөдөр “Төлсөн авснаа нийтэл” ТАН эвслээс хийсэн бага хурал дээр онцлов.
Тэрээр “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт ихээхэн чухал үүрэгтэй. Энэ утгаараа тус салбарт асар их мөнгө эргэлддэг. Энэ мөнгөөр дамжуулж улс төрд нөлөөлдөг. Тийм учраас уул уурхайгаас олсон орлогын ашгийг хамгийн сүүлд хэн хүртэж байна тэр эзнийг  ил тод болгох хэрэгтэй. Тухайн компанийн ашиг ологч ил болсноор байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцах, нөхөн сэргээлтээ хийхгүй алга болох  асуудал үүсэхгүй. Тийм учраас ашиг хүртэгч эздийг ард иргэдэд нээлттэй ил тод зарлахгүй бол нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийн гол санхүүжилт нь тэндээс эхтэй гэж бид хардаж байна” гэлээ. Уул уурхайн компанийн цаад эздийг ил тод болгох нэг зам бол Хөрөнгө орлогын мэдүүлэг боловч түүн дээр тухайн компанийн үйл ажиллагааг тодорхой бус буюу ХОМ авах анкет дээр тийм асуулга байдаггүйг ТАН эвслийнхэн хэлж байна. Уг нь манай улс эрдэс баялгийнхаа салбарт "бенефициар өмчлөгч"-ийн мэдээллийн ил тод байдлыг хангах үйл явцыг дэмжиж "Нээлттэй засаглалын түншлэл”,”Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т тусгаж арга хэмжээ авах талаар тодорхой төлөвлөсөн. Эрдэс баялгийн салбарт "бенефициар өмчлөгч"-ийг ил тод болгосноор татварын суурийг багасгаж, ашгийг хүртэх явдлын эсрэг BEPS олон улсын стандартад нэгдсэн бусад улс оронтой бенефициар өмчлөгчдийн мэдээллийг харилцан солилцох боломж нээгдэх талаар ТАН эвслийнхэн мэдээллээ.
Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ыг хэрэгжүүлэх гишүүн орноор 2006 онд элсэн орсон. Ингэснээр татвараас зайлсхийх эрсдэл, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтад хяналт тавих үүргийг олон улсын өмнө хүлээсэн юм. Гэвч олборлох үйлдвэрлэлээс ашиг хүртэгч жинхэнэ эзэд мэдээллээ ил тод болгохыг хүсэхгүй байна гэж ТАН эвслийн гишүүн ТББ-уудын төлөөллүүд үзэж буйгаа илэрхийлэв.
Тус эвслийн зүгээс уул уурхайн салбарын өмчлөгчийн мэдээллээ ил тод болгох хүсэлтийг улс төрийн өндөр албан тушаал хашиж буй нийт 175 хүнд нээлттэй захидал хэлбэрээр хүргүүлснээс 37 хүн хариугаа ирүүлж, үлдсэн 138 албан тушаалтан хариу өгөөгүй байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нарт нээлттэй захидал хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна. УИХ-ын 76 гишүүдээс Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан нар албан ёсоор хариу ирүүлсэн бол 43 гишүүн хариу өгөөгүй, 4 гишүүн шаардлагагүй гэдгээ мэдэгджээ. Д.Лүндээжанцан, Г.Солтан нар намын бүлгээрээ ярилцаж байгаад хариу өгнө гэсэн бол гишүүн Д.Оюунхорол  "Албан захидалтай танилцлаа хүснэгт бөглөх шаардлагагүй. АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэгт бүх мэдээлэл өгсөн түүнээс авч болно. Надад уул уурхайн компани байхгүй" гэсэн хариу хэлжээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар компанигүй, өмчлөгч биш учраас хариу өгөх шаардлагагүй гэсэн бол Л.Болд захидал бүрт хариу өгөх шаардлагагүй гэжээ. 
Б.Болд
 
 
 
 
 
Холбоотой мэдээ