Л.Мөнхтүшиг:БНХАУ-ын ЭСЯ визний материал хүлээн авах цагаа сунгасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-29 18:19:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотой БНХАУ-д суралцах оюутнууд манай улсад суугаа тус улсын ЭСЯ-нд виз мэдүүлэх гэж сүүлийн нэг сард урт дараалал үүсч, иргэдийн зүгээс ЭСЯ-ны материал хүлээн авах цаг богино байгаа талаар шүүмжлэл гарах болсон.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодруулахад, “Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 10 мянга гаруй Монгол оюутан сурч байна. Жил ирэх тутам оюутны тоо нэмэгдэж байгаа. Бид оюутнуудыг аль болох эрт, сургуулиасаа урилгаа авч ЭСЯ-нд хандана уу гэж зөвлөж байсан. Гэхдээ 8 дугаар сар гарангуут манай яамны зүгээс БНХАУ-ын Консулын газрынхантай уулзаж иргэдэд чирэгдэл болохгүй, шуурхай үйлчлэх тал дээр дэмжлэг хүссэн. Одоо ч гэсэн байнга холбоотой ажиллаж байна. БНХАУ-ын ЭСЯ-наас өөрийн албан ёсны вэб сайт болон сошиалаар энэ талаарх мэдээллийг түгээсэн байна. Энэ мэдээлэлтэй иргэд сайн танилцах хэрэгтэй. Нөгөө талаар үүсээд байгаа дараалалтай холбоотой хэд хэдэн зөрчил гарсан. Тодруулбал, зөвхөн оюутнууд дугаарлаж виз мэдүүлэх гэж байхад дунд нь суралцах зорилгогүй хүмүүс хиймэл дараалал үүсгэж байсан. Хятадын ЭСЯ-наас тарааж байгаа дугаарыг аваад иргэдэд цааш нь дамлан зардаг болох нь илэрсэн. Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран байнгын эргүүл ажиллуулж байна” гэв.
БНХАУ-ын ЭСЯ-наас зөвхөн  9.00-12.00 цагийн хооронд л материал авч байна гэсэн иргэдийн гомдлын талаар тодруулахад, “ЭСЯ даваа, лхагва, баасан гаригт 9.00-12.00 цагийн хооронд материал авдаг байсан бол одоо 15.00 цаг хүртэл сунгасан. Зөвхөн Хятадын ЭСЯ гэлтгүй аливаа улсын ЭСЯ, консулын газар визний материал аваад боловсруулж, виз олгох хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс материал авсны дараа Элчин сайдын яамны ажилтнууд орой хүртэл ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн” гэв.
Б.Болд
 
Холбоотой мэдээ