Зам тээврийн осолд орсон иргэдийн ихэнх нь оюутнууд байжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-25 17:52:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Катунское-Красный Яр-Алтайское-Алтайн Бүгд Найрамдах Улсын хил чиглэлийн авто замын 56 дугаар километрт энэ сарын 24-ний өдөр өглөөний 08:00 цаг орчимд 15 зорчигчтой микро автобус осолдож, Монгол Улсын долоон иргэн гэмтэл авсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Алтайское дүүргийн эмнэлгийн ерөнхий эмч Анатолий Костылевийн РИА новости агентлагт өгсөн мэдээллээр, зам тээврийн ослын улмаас хүнд бэртэл авсан хоёр эмэгтэйг /Монгол Улсын иргэд/ түргэн тусламжийн нисдэг тэргээр Барнаул хот дахь "Алтайн хязгаарын түргэн тусламжийн төв килиник"-т, долоон хүнийг нарийн үзлэг хийх, эмчлэх шаардлагатай хэмээн үзэж Бийск хотын төв эмнэлэгт тус тус хүргүүлж хэвтүүлсэн байна.

Харин хамт явсан бусад иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлага гараагүй байна.

Тэрээр тайлбартаа, хохирогч иргэдийн нас янз бүр бөгөөд 18-50-ийн хооронд, ихэнх нь суралцахаар авж буй оюутнууд байсан хэмээжээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ