Монголын нутгаас Сяньбитай холбогдох дурсгалыг анх удаа илрүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-24 12:52:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ талаар өнөөдөр Монголын Үндэсний музейн судлаачид мэдээлж Увс, Хөвсгөл, Орхон, Төв аймгийн нутагт Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн шинэ олдвор, дурсгалыг малтан судалсан талаар танилцууллаа.
Монголын Үндэсний музейд болсон хэвлэлийн бага хуралд оролцсон музейн захирал Д.Сүхбаатар, эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, секторын эрхлэгч, археологич, антропологич Ц.Одбаатар, БНХАУ-ын Ардын их сургуулийн докторант Н.Төрбаяр, Германы Максбланкийн хүрээлэнгийн ажилтан Вильям Тайлор нарын судалгааны багийнхны дуулгаснаар 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газарт малтлага явуулж судалсны үр дүнд 100 гаруй булшийг бүртгэн баримтжуулж, тэдгээрээс 16-г малтсанаас олон тооны хөмөгт оршуулга илэрчээ. Энэ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутагт малтан судалсан сяньбичуудын оршуулгуудтай адил төдийгүй булшнаас гарсан эд зүйлс ижил байх нь ажиглагджээ.

Он цаг тогтоох судалгааны үр дүнд Монголын нутгаас олдсон булшууд нь манай эриний өмнөх III зууны үед үйлдсэн болох нь батлагдаж, палеоантропологийн судалгаагаар хүний төрхийн хувьд Хүннү болон Сяньби нартай холбоотой болохыг тогтоогоод байна. Ингэснээр 2014-2018 онд Айрагийн гозгорт явуулсан археологийн судалгааны дүнд Монгол Улсын нутгаас Сяньби нарт холбогдох дурсгалыг анх удаа илрүүлж эртний түүхийн судалгааг баяжуулах бодит олдвор, эх хэрэглэгдэхүүнийг цуглуулснаар энэ судалгааны ажил нь Монголын эртний Сяньби нарын түүхэнд тодорхойгүй байсан олон асуудлыг шийдвэрлэж буйгаар чухал ач холбогдолтой, түүхийн шинжлэх ухаанд нэгэн шинэ хуудсыг нээж өгч байна гэж Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар онцлож байв.
Музейн судлаачид дээрх судалгаанаас гадна Төв аймгийн Цээл сумын нутаг Шийтэр хэмээх газар Хүннүгийн үеийн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Хаяа худаг, Гүн бүрд хэмээх газруудад Түрэгийн, Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт “Баруун Монгол”-ын археологийн судалгаа шинжилгээний “Шийтэр”, “Хэрлэн” зэрэг 6 төслийн ажлыг хийж байна. Энэ ажилд АНУ-ын Баруун Кентакийн Их сургууль, БНХАУ-ын Үндэсний музей, Олон улсын Түрэг академи, БНСУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. “Бид олон улс болон гадаадынхантай хамтран ажиллаж байгаа нь нэгд, манайд байхгүй лаборатори судалгаа шинжилгээний ажлууд тэдэнд байна. Хоёрт, хөрөнгө оруулалтаар дэмжин туслаж байна. Түүх дурсгалын хувьд ч холбогдож байгаа юм. Үр дүнд нь бид түүхийн олон зүйлийг археологийн хувьд батлан гаргаж ирж байна.

Жишээ нь, манай улсын нутгаас олдсон түүхийн дурсгалт олдвор булш, эд зүйл зэрэг нь Сяньбигийн түүхийг шинээр гаргаж ирж эргэн харахад хүргэж байна. Ингэснээр энэ талаар урд өмнө нь хийсэн судалгааны ажлууд өөрчлөгдөхөд хүрч магадгүй болж байгаа юм” гэж Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар хэлж байв. Судалгааны багийнхан түүхийн шинэ олдвор, эд зүйл илрүүлж судлахын сацуу олдсон түүхийн дурсгалаа хадгалж хамгаалах ажлыг зэрэгцэн хийж буйгаа дуулгаад энэ талаар хамтран ажилласан Орхон аймаг, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Төв аймгийн Цээл сумын удирдлага, иргэдэд талархаж буйгаа илэрхийлэв.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Холбоотой мэдээ