Х.Зауре: Бага боловсролын 18 төрлийн сурах бичиг алдаатай орчуулагдсаныг тогтоосон

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-21 23:44:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар Х.Зауретэй уулзаж, бэлтгэл ажлын явц, тус айгмийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа. 

-Хичээлийн шинэ жил эхлэхэд арваад хоногийн хугацаа үлдээд байна. Бэлтгэл ажил хэр зэрэг явагдаж байгаа вэ?

-Юуны өмнө "Монцамэ" агентлагийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Аймгийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн хэмжээнд засвар үйлчилгээгээ хийсэн. Аймгийн төвийн хувьд өнгөрсөн сард үерийн гамшиг болсны улмаас Өлгий хотын ихэнх сургуулиудын дотуур байр, цэцэрлэгүүдийг түр хорогдох байрны зориулалтаар ашигласан. Энэ ажил нэлээн удаан хугацаагаар үргэлжилсэн тул өмнө нь хийсэн засвар тодорхой хэмжээгээр муудаж, нэмэлт засвар хийх шаардлага үүссэн. Тиймээс дахин засч байна. Шаардлагатай сурах бичгүүдээ татаж авч байна. Одоогийн байдлаар сурах бичгийн татан авалт 60 хувьтай, хичээлийн жилийн бэлтгэл нийт дүнгээрээ 75 хувьтай явж байна.

-Өмнөх жилүүдэд сурах бичгийн хүрэлцээ муу, хэд хэдэн хүүхэд хоорондоо нэг сурах бичиг хэрэглэдэг гэдэг шүүмжлэл эцэг эхчүүдээс гардаг байсан. Энэ жил сурах бичгийн хүрэлцээ ямар байх вэ?

-Энэ жилээс эхлэн 1-5 дугаар ангийн сурах бичгийг хүүхэд бүрт олгохоор болсон. Тухайн сурах бичгүүд шинэчлэгдэж, татан авч байна. Бусад ангиудын хувьд сурагчид сурах бичгээ худалдан аваад хэрэглэх ёстой. Амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд сургуулиас сурах бичиг тарааж өгөөд, хичээлийн жилийн сүүлээр буцааж авдаг журамтай.

-Өнгөрсөн жилүүдэд тус аймгийн дөрөвдүгээр ангийн хүүхдүүд монгол хэлний сурах бичиггүй хичээллэж ирсэн. Энэ асуудлыг шийдсэн үү?

-Уг асуудал одоогоор шийдэгдээгүй. Өнгөрсөн тавдугаар сарын дундуур Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвөөс есөн хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг манай аймагт ирж ажилласан. Тус ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт тулгамдаж байгаа, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна гэдгийг судалсан юм. Манай байгууллагын зүгээс ч саналаа өгсөн. Үүний үр дүнд дөрөвдүгээр ангийн сурах бичиг зохиох ажлыг 2019 оны төсвийн төсөлд оруулж шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Хос хэлээр сургалт явуулдаг аймгийн хувьд бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна?

-Зарим хичээлийн чиглэлээр төр засгийн зүгээс бодлогын чанартай арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгаа. Тус аймагт монгол хэлний хичээл хоёрдугаар ангиас эхэлж ордог. Харин манай улсын бусад сургуулиудад стандартын дагуу нэгдүгээр ангиас судалж эхэлдэг юм. Нэг талаас сурах бичиггүй, нөгөө талаас хос хэлний сургалтын стандарт байхгүй зэрэг тулгамдсан асуудлууд байгааг дээрх ажлын хэсэг тогтоосон байгаа. Уг асуудал салбарын яамны түвшинд танилцуулагдаад, шийдвэр гаргах түвшинд явж байна.  

-2017-2018 оны өвөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өлгий сумын дөрөв болон зургадугаар бүрэн дунд сургуулийн зарим анги танхимыг халаалт муу байгаа гэсэн шалтгаанаар зөрчил арилах хүртэл хугацаагаар хааж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Тухайн сургуулиудын халаалтын шугамд засвар хийх хөрөнгө шийдэгдсэн. Тендер нь зарлагдаад ажил нь эхлээд байна.

-Энэ жил хэд хэдэн сургууль,  цэцэрлэгийн барилгыг шинээр  барихаар төсөвт мөнгө суулгасан шүү дээ. Тухайн асуудал ямар шатанд байна?

-2018 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 10 цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн. Тендер нь зарлагдаад, эхний объектууд баригдаж эхэлж байгаа. Харин Өлгий сумын зургаа, наймдугаар цэцэрлэгүүдийн хувьд тендерийн маргаан гарсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах маргаанаас болж зарим ажлууд хойшлогдож байна.

-Ашиглалтад ороход бэлэн болсон объект байна уу?

-Байхгүй. Зарим сургууль, цэцэрлэгийн барилга он дамжаад ашиглалтад орох ёстой.

-Аль аль объект он дамжин баригдах вэ?

-Дээр хэлсэн Өлгий сумын зургаа, наймдугаар цэцэрлэгийн барилга, мөн 13 дугаар багт баригдах сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг барилгуудын санхүүжилт он дамжиж орно. Тус цогцолборт зориулж 3,5 тэрбум төгрөг хуваарилагдсан. Тендер нь зарлагдаж, одоо Сангийн яам руу явсан.

-Өнгөрсөн сард буусан үерт Өлгий сумын дөрөвдүгээр цэцэрлэг өртсөн байсан. Хичээлийн шинэ жилээр үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой уу?

-Боломж дутагдалтай байна. Тухайн цэцэрлэгийн хашаа бүхэлдээ нурсан, лааг шавраар дарагдсан, тоглоомууд нь ашиглах боломжгүй болсон, гал тогооны зарим тоног төхөөрөмж эвдэрсэн, хөнжил, гудас бохирдсон байдалтай байгаа.  Уг асуудлыг БСШУЯ, хүмүүнлэгийн байгууллагуудад асуудал болгон тавьсан. Аль болох богино хугацаанд шийдэхийг хичээж байна.

-Байр сав нь ямар байдалтай байна?

-Цэцэрлэгийн барилга бол эвдрээгүй. Өнгөрсөн онд Турк Улсын "ТИКА" байгууллагын хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн юм. Гадна тал нь болохоос биш дотор хэсэгт нь асуудал гараагүй. Агуулах, хашааг нь шинээр барих шаардлагатай. Өлгий сумын бусад 17 цэцэрлэгийн ажилчдыг дайчилж, хашааг нь лаг, шавраас нь цэвэрлэчихсэн.  

-Энэ жил цэцэрлэгийн хамрагдалтын түвшинг хэдэн хувьд хүргэхийг зорьж байна?

-Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгийн хамрагдалт 64 хувьтай байсан. Энэ жил 70 хувьд хүрч байгаа. Дээр дурдсан шинээр барьж буй цэцэрлэгүүд ашиглалтад орсноор 80-90 хувьд хүрэх магадлалтай байна.

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Баян-Өлгий аймаг гурван байраар урагшилсан гэж танай байгууллагаас мэдээллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагдаад 17 жил болж байна. Энэ хугацаанд манай аймаг 21 дүгээр байр эзэлж ирсэн. Харин энэ жил 18 дугаар байрт орж ахиц гарлаа. Үүнд бусад аймгуудын туршлагыг судалж үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, өнгөрсөн хугацаанд юун дээр алдаж ирснийг тодорхой түвшинд тогтоосон зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн юм.

-Ямар асуудлаар алдсан байна?

-Тал талын судалгаа хийсэн. Нэгдүгээрт, бодлогын алдаанууд байна. Тухайлбал, хос хэлний сургалтын стандарт байхгүй, дөрөвдүгээр ангийн монгол хэлний сурах бичгийн асуудал зэргийг нэрлэж болох юм. Хоёрдугаарт, бага боловсролд ашиглагдаж ирсэн 1-5 дугаар ангийн 18 нэр төрлийн сурах бичиг казах хэлээр үг, үсэг, агуулгын алдаатай орчуулагдсан байсныг тогтоосон. Энэ мэт олон асуудал байна. Эдгээрийг аймгийн удирдлагад танилцуулж, бодлого боловсруулах санал оруулсан. Салбарын яаманд нэг бүрчлэн танилцуулж, хос хэлний сургалттай аймгийн хувьд бодлогын шийдвэр гаргахгүй бол сургалтын чанарт ахиц гаргах магадлал бага гэдгийг ойлгууллаа. Үүний үр дүнд "Элсэлтийн ерөнхий шалгалтын чанарыг дээшлүүлэх аймгийн дэд хөтөлбөр", "Бага боловсрол, монгол хэл, эх хэлний чанарыг дээшлүүлэх дэд хөтөлбөр"-үүдийг 2017 оны сүүлээр аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулж чадлаа. Тус хөтөлбөрүүд хэрэгжээд явж байгаа. Үр дүн гарч эхэлснийг энэ жилийн ЭЕШ-ын дүн харуулж байна. Багш нарын хандлагыг өөрчлөгдөөд, тодорхой менежментээр удирдвал амжилт гарах юм байна.

-"Элсэлтийн ерөнхий шалгалтын чанарыг дээшлүүлэх аймгийн дэд хөтөлбөр"-т багш, сурагчдыг урамшуулахаар заасан байгаа. Хэдэн сурагч, багшид  урамшуулал олгох вэ?

-Бид элсэлтийн ерөнхий шалгалтаас 800 оноо авсан хүүхдэд 500 мянга, бэлтгэсэн багшид нь нэг сая төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргасан.  Түүнчлэн 700-гаас дээш оноо авсан сурагч болон тэдний багшид ч тодорхой хэмжээний урамшуулал олгохоор хөтөлбөртөө тусгасан байгаа. Энэ жил есөн хүүхэд 800 оноо авсан. Шалгуур хангасан 95 хүүхэд, 95 багшид нийтдээ 33 сая төгрөгийн урамшуулал олгох тооцоо гаргаж, шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргээд байна.

-Урамшууллын мөнгийг хэзээ өгөх вэ?

-Удахгүй болох багш нарыг бага хурлын үеэр олгохоор төлөвлөж байгаа. Хүүхдүүдийг яагаад урамшуулж байгаа вэ гэвэл бусад ЭЕШ-аас дээгүүр оноо авдаг аймгуудад тийм туршлага байдаг юм байна. Тийм учраас бид ч гэсэн урамшууллын системийг хэрэгжүүлээд үзье гэж дэд хөтөлбөртөө тусгасан. ЭЕШ-ын дүнд ахиц гарахад энэ ажил бас нөлөөлсөн гэж бодож байгаа.

-Шинэ хичээлийн жил ямар зорилт дэвшүүлж байна?

-Сургалтын чанараа сайжруулж, элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий оноогоор эзэлсэн байраа ахиулахыг зорьж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа!
 

Ө.Нурболат

 


Холбоотой мэдээ