Азийн спортын наадмаас медаль хүртсэн тамирчид төрийн албан хаагч болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-08-21 11:40:20
ЖАКАРТА. /Asiangames2018.id/. Индонези улсад зохион байгуулж буй Азийн спортын наадам-2018 тэмцээнээс медаль хүртсэн Индонезийн тамирчдад төрийн албан хаагч болох юм уу Үндэсний цагдаагийн газар болон Индонезийн зэвсэгт хүчний албан хаагч болох боломж олгоно гэж тус наадмыг зохион байгуулах комиссын дарга Сяфруддин даваа гарагт мэдэгдэв.

“Зөвхөн алт төдийгүй мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад ийм боломж олгох юм. Гол нь тэд эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх ёстой” гэж Сяфруддин тэмдэглэсэн байна.

Индонези улсын тамирчин Линдсвелл Квок "ушу"-гийн төрлөөр алтан медаль хүртсэний дараа тэрбээр энэхүү мэдэгдлээ хийсэн бөгөөд “Линдсвелл аль хэдийнээ төрийн албан хаагч болсон” гэж хэлжээ. Энэхүү шийдвэр нь тамирчдын амжилт гаргах хүслийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд амжилт гаргасан тамирчид ирээдүйгээ баталгаатай болгож чаддагийг олон нийтэд харуулах зорилготой юм байна.

Одоогийн байдлаар, Индонези улсын тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байгаа юм.

Эмэгтэйчүүдийн "таеквондо"-гийн тамирчин Дефиа Росманиар өнгөрсөн ням гаригт Индонези улсын анхны алтан медалийг авчирсан билээ. Тус улсын хоёр дахь алтан медалийг мөн эмэгтэй тамирчин Линдсвел Квок "ушу"-гийн төрлөөр хүртжээ.

Гурав дахь алтан медалийг мөн л эмэгтэй тамирчин Тиара Андини Прастика уулын дугуйн төрлөөр хүртсэн байна. Дөрөв дэх алтан медалийг мөн уулын дугуйн төрлийн эрэгтэй тамирчин Хойрул Мухиб хүртсэн ажээ.

Ийнхүү Индонези улс нь Жакарта болон Палембан хотуудад болж буй Азийн спортын наадам-2018 тэмцээнд медалийн чансаагаар Хятад, Япон улсын баг болон Солонгосын нэгдсэн багийн дараа дөрөвдүгээрт жагсаж байгаа юм.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ