“Авъяаслаг Өлзийтчүүд”- ийн шилдгээр СУИС- ийн оюутнууд шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-08 23:22:48

Төрөлх нутгийнхаа авъяастнуудыг тодруулж, алдаршуулах зорилгоор Өлзийт сумын ЗДТГ, Соёлын төв хамтран “Авъяаслаг Өлзийтчүүд” уралдааныг өнгөрөгч сарын эхээр зарласан. Уралдааны шалгаруулалтыг өнгөрсөн долоо хоногт явуулсан бөгөөд тус сумын уугуул СУИС- ийн оюутнууд уралдааныд шилдэгээр шалгарчээ.

Уралдаанд зөвхөн сум орон нутагтаа ажиллаж, аж төрж буй иргэдээ бус өөр аймаг, хотод амьдардаг нутгийн уугуул иргэдээ оролцуулах зорилготой байсан. Цаг агаарын байдлаас шалтгаалан тооцоолсноос цөөн хүн уралдаанд хүрэлцэн ирсэн хэдий ч оролцогчдын  авъяас өрсөлдөхүйц байлаа гэж сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Хадхүү хэллээ.

Хамгийн холдоо Эрдэнэт, Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас Өлзийтийн уугуул иргэд уралдааныг зорин ирсэн байна. 40 гаруй авъяастан өрсөлдсөнөөс СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан Б.Энхзаяа Төрийн шагналт, УГЗ Б. Шаравын “Аав ээж хоёр минь” дуугаар тэргүүн байр, СУИС-ийн хөгжмийн сургуулийн оюутан Э.Мөнхбаяр Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын морин хуурд зориулсан хөгжмийн бүтээлээр дэд байрт тус тус шалгарсан бол Сайнцагаан сумын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Уранхишиг В.А.Моцартын “Ронда” бүтээлээр гуравдугаар байрын шагнал хүртжээ.

“Авъяаслаг Өлзийтчүүд”- ийг шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрын ерөнхий найруулагч Д.Доржсүрэн, туслах найруулагч Ч.Сансармаа, бүжгийн багш У.Өнөрбаяр, хөгжмийн багш Э.Чимэгсайхан нар ажилласан байна.

Өлзийт сумын Засаг дарга мөрийн хөтөлбөртөө ардын авъяастнуудын урлагийн наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тусгасан бөгөөд энэ удаагийн наадмыг “Авъяаслаг Өлзийтчүүд” нэрийн дор зохион байгуулсан нь энэ ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ