Богд уулнаас Японд аваачиж нутагшуулсан тарвага 16 жил амьдарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-08-14 19:03:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австри, Англи, АНУ, Герман, Итали, ОХУ, Киргиз, Украин, Франц зэрэг 13 орны 120 гаруй эрдэмтэн судлаач оролцсон "Дэлхийн тарваганы зүйлүүд" сэдэвт олон улсын тарвага судлаачдын долдугаар хурлын үеэр мэргэжилтнүүд “Тарвага байгаагүй бол Монголын тал хээрийн экосистем ийм байхгүй. Цөл эсвэл намаг голдуу байх байсан болов уу” гэж онцлон тэмдэглэж байлаа.
ШУА, БОАЖЯ хамтран зохион байгуулсан хуралд мөн байгаль, ан амьтан хамгааллын байгууллагын төлөөллүүд оролцож гадаад, дотоодын 26 судлаачийн тавьсан дэлхийд тархсан тарваганы тархац, нөөц, ашиглалт, дуу авиа, бүтэц, гаршуулан тэжээсэн талаарх сонирхолтой илтгэлүүдийг сонсон хэлэлцсэн юм.
Манай улсад 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутгийнхаа ихэнх хэсэгт устаж, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар таван сая болтлоо цөөрчээ. "Хустайн байгалийн цогцолборт газар"-ын судлаач Д.Өсөхжаргал, “Хустайд ойролцоогоор 20 мянга орчим тарваганы нөөц бий" гэж байв. 2000 оны үед тарваганы тоо толгой огцом буурч, түүний тооцоолж буйгаар Монголд ойролцоогоор нэг сая орчим тарвага байна. Дэлхийн нийт тарвагын 60 хувь нь Монголд байна. Монголчууд эрт дээр үеэс ан амьтад түүний дотор тарваганы нөөцийг хамгаалах, зохистой ашиглахыг эрхэмлэн үзэж хууль журмаар чанд зохицуулж байсан түүхтэй. Тухайлбал, Их Засаг, Халх журам, алтан хааны хууль зэрэг алдарт түүхэн сурвалж бичгүүдэд тусган хэрэгжүүлж иржээ. Түүнчлэн улс хоорондын найрамдалт харилцаанд тарвагыг ашиглаж байсан сонирхолтой баримт байна. Тодруулбал, Монгол Улс найрамдалт харилцааны бэлэгдэл болгож Японд Монгол тарвагаа бэлэглэж байжээ. Буга, чоно зэрэг амьтныг санал болгосон ч Монголын эдийн засаг, байгаль, амьдрал ахуйд хамгийн ойр байдгаар нь тарвагыг япончууд сонгож байжээ. Ингээд Богд уулнаас Японд хүргэсэн тарвагыг нутагшуулан тэжээснээр 16 жил насалж, үр төлөө өгсөн тухай сонирхолтой, шинэ мэдээллийг хурлын үеэр дуулгалаа. “Жилийн тэн хагаст нь байгалийн өвсөөр хооллож, үлдсэн хугацаанд нь ичдэг амьтныг байнга сэрүүн байлгаж хүнсний ногоогоор хооллоход сургажээ. Монгол тарвага байгальд 10 орчим жил насалдаг тул Японд очсон тарваганы нас үүнээс богиносох болов уу гэж тооцоолж байтал 16 жил болоод үр төлөө хүртэл өгсөн нь тун сонирхолтой хэрэг” гэж тухайн үед Японд нутагшуулахад гардан гүйцэтгэсэн МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, доктор, профессор Д.Суран ярьж байлаа.

Үнэхээр Монгол орны байгаль, хүн зоны амьдралыг тарвагагүйгээр төсөөлөхөд бэрх юм. Монгол Улс нь ЕврАзийн тарваганы зүйлүүдийн тархцын зүүн зах, сэжүүр болох онцлогтой бөгөөд монгол тарвага нь олон зүйл мах идэшт амьдтын идэш тэжээл болдог, газрын хөрсийг ухаж сийрэгжүүлэн агаар чийгийн горимыг эерэгээр өөрчилж, ургамлын ургацыг нэмэгдүүлдэг экосистемийн чухал ач холбогдолтой амьтан. Харамсалтай нь хууль бус агнуур, уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын тааламжгүй байдал зэргээс хамааран тарвага устаж үгүй болохдоо тулж, хамгаалах асуудал хүчтэйгээр яригдаж байна. 1880-1890-ээд оноос гадаадын зах зээлд арьсны үнэ өсч, олноор нь агнах үеэс 1990-ээд он хүртэл 150 сая гаруй тарваганы арьсыг бэлтгэн нийлүүлжээ. 2005 оноос тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон, тарвага сэргээн нутагшуулах ажлуудыг зохион байгуулсантай холбоотойгоор ойт хээрийн бүсийн зарим нутгаар тоо толгой нь бага зэрэг өсөх хандлагатай байгааг ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс мэдээлж байв. Тарваганы тархац элбэг үед буюу одоогоос 20-30 жилийн өмнө энэ амьтныг устаж үгүй болох, тоо толгойнх нь талаар санаа зовох үе ирэх талаар төсөөлөлгүй байсныг олон жил ажилласан судлаач, эрдэмтэд ярьж байв.
Нүүдэлчин монгол­чууд олон зууны турш тар­вагыг ашиглахдаа байгаль орчин, ахуй амьдрал, зан үйлийн өвөрмөц онцлогт тохирсон агнах аргыг хэрэглэдэг байжээ. Агнуурын үеийн нас, бие гүйцсэн нэг тарваганаас 10-14 дм.кв талбай бүхий үслэг арьс, олон тооны амин хүчин, амин дэмээр баялаг 2.3-3.5 кг мах, 0.8-1.2 кг өөх, 250-300 грамм цэвэр тос ашигладаг. Монголчууд тарваганы маханд дур­тайгаас гадна элэг, цөс, зүрх, бөөр зэрэг дотор эрхтнийг нь ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн уламж­лалтай. Энэ нь тарваганы идэш тэжээлтэй холбоотойгоор үүссэн эмчилгээ гэдгийг суд­­лаа­ч­ид сонирхуулж байлаа. Тухайлбал, МУИС-ийн Биологийн тэнхмийн багш нарын Богд ууланд хийсэн судал­гаа­гаар тарвага нь 47 зүйлийн ургамал идэж байсны 40 орчим нь эмийн ургамал байжээ. Түүнчлэн цас хайлсны дараа шинэхэн нялх ногоог түүж идээд тарга хүчээ биедээ хуримтлуулж аваад түүнийгээ ичээндээ ороод унтаж байхдаа биедээ зарцуулж, энергийн эх үүсвэр болгодог аж. Тарваганы идэш тэжээлд эмийн ургамал дийлэнх хувийг эзэлж байна гэсэн судалгаа нь энэ амьтны мах, эд эрхтнийг эмчилгээнд хэрэглэх шалтгаан болж болох ч нөгөө талаар тарвага нь байгалийн голомтот халдварт тахал өвчний нян тээгч болдгийг сануулж байв. Энэ нь тарваган тахал өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлийг да­гуулдаг. “Тарвага бол халдварт тахал өвчний үндсэн агуулагч амьтан. Агналтыг хориглосон ч иргэд нууцаар хувиараа ан хийж хүнсэндээ хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд эрхтнийг нь түүхий­гээр нь залгих болсон. Энэ нь тарваган тахлын халдварыг авах эрсдэлтэй. Монгол орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомттой гэж үздэг. Энэ бүс нутгийн хүмүүс вакцинд хамрагдах шаардлагатай” гэж Зоонозын өвчин судлалын төвийн эрдэмтэн, доктор Д.Цэрэнноров хэлж байв.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Я.Адъяа, “Бид суурин иргэншилд улам хотжиж байгаагаас байгалиасаа холдсоор байна. Байгаль хамгаалахад хэрэглэж байсан өвөг дээдсийнхээ уламжлалт зан зүйлийг мартаж байна. Нүүдэлчин монголчуудын бас нэгэн өв соёл болсон байгаль хамгааллын аргууд олон бий. Тарвага нь экосистемд онцгой үүрэгтэй амьтан. Нүх ухаж хөрсийг сийрэгжүүлснээр агаар чийгний горимыг тэнцвэржүүлж байна. Нөгөө талаас махан идэштэн амьтдын идэш тэжээлийн бааз болж байна. Тарвага ичээнээс гарсан үед малд халддаг махан идэштний тоо багасдаг. Тэгэхээр малын тоо толгой өсөхөд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж өгч онцгой үүрэг гүйцэтгэдэг. Мөн дээр үеэс ард түмний амин зуулга болж ирсэн амьтан. МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, доктор Д.Суран, “Тарвага нь экосистемийг тэнцвэржүүлэх чухал ач холбогдолтой амьтан. Түүнчлэн бусад амьтадтайгаа хоол тэжээлийн өргөн харилцаанд оролцдог. Эдийн засгийн хувьд тарваганы арьсыг олноор нь гадаадад гаргаж эргэлдүүлдэг байлаа. Хүн амын амьдрал ахуй хүнд үед үндсэн тэжээл нь болж байсан түүх ч бий. Гэхдээ энэ амьтан нь өөртөө маш олон зүйлийн гадаад, дотоод нянг тээдэг. Тарваган тахал гэж айхтар өвчнөөр дэлхий даяар 60 мянга гаруй хүн өвчилсөн гамшиг нүүрлэж байсан нь манай зүүн аймгуудын нутгаар ч орж ирсэн байдаг. Тиймээс тарваганы мах, эд эрхтнийг аливаа өвчинд сайн гэж түүхийгээр нь залгих, идэх нь маш буруу юм”.

СГЗ, сэтгүүлч Д.Шагдарсүрэн, “Тарваганы тэнцвэржүүлж байгаа экосистем нь хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа учраас хамгаалаад байгаа юм. Байгаль хамгаа­лал гэдэг ямар нэг ховор, нэн ховор амьтан, ургамлыг хамгаалахын нэр биш амьдралаа, өөрийгөө хамгаалахын утга гэж би ойлгодог. Энэ бол амьдралаа хамгаалах гэж тэмцэж байгаа хүн төрөлхтний тэмцэл. Нөгөө тивээс зорьж ирээд энэ талаар ярилцаж, хуралдаж байна гэдэг нь дэлхий нийтээрээ нийлээд хүн төрөлхтний амьдралыг хамгаалах гээд зүтгэж байгаагийн илрэл.
Тодруулга: Дэлхийн хэмжээнд Америкад 6 зүйл, ЕврАзид 8 зүйл, дэлхийд 14 зүйлийн тарвага байна.
Б.Болд
 
 
Холбоотой мэдээ