Шарын гол сумын ЭМТ-д 3.0 сая төгрөгийн эм, тариа хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-11 18:45:25
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ онд 10 жил нь тохиож буй “Буянтын хөндийн Шарын гол” ТББ-ынхан нйигмийн хариуцлагын гэрээнд тусгагдсаны дагуу болон байгууллагынхаа 10 жилийн ойн хүрээнд Шарын голын сумын Эрүүл мэндийн төвд 3 сая төгрөгийн яаралтай түргэн тусламжийн эмийн эргэлтийн санд эм тариа, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг баасан гарагт гардуулан өглөө.
 
О.Цэцэгмаа тэргүүнтэй ”Буянтын хөндийн Шарын гол” ТББ нь Засгийн газрын 151-р тогтоолын дагуу 2008 онд анх байгуулагдаж нинжа нэрийн дор гар аргаар алт олборлодог байсан иргэдийг нөхөрлөлийн хүрээнд нэгтгэж ажлын байраар хангаж эхэлжээ. Тус төрийн бус байгуулга нь сумын Засаг даргатай нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулан ажилладаг аж.

Шарын гол сум нь 10,0 гаруй мянган оршин суугчтай. Эрүүл мэндийн төвд тулгамддаг гол асуудал нь эм, тарианы хүрэлцээ муу байдаг талаар тус төвийн дотрын их эмч Ж.Гэрэлмаа мэдэгдсэн. Энэхүү эргэлтийн эмийн санд оруулсан бодит хөрөнгө оруулалт нь сумын нийт иргэдэд шаардлагатай эм тариа, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэглэгдэхүүнээс бүрдсэн бөгөөд ялангуяа амжиргааны түвшин доогуур айл өрхөд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүд эм, тарианы хомсдолд орохгүй дараагийн эм тарианы хангамж ирэхэд айлтгүй боллоо гэлээ. Мөн үеэр тус эрүүл мэндийн төвд зөв дасгал  хөдөлгөөн эрүүл байхын үндэс уриан дор спининг төв нээсэн байна.

“Буянтын хөндийн Шарын гол” ТББ нь өнөөдрийн байдлаар 10 орчим нөхөрлөлийн 800 гаруй  иргэнийг аюулгүй орчинд ажиллуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлж хуулийн хүрээнд ажил хөдөлмөр эрхлүүлж байна. Байгуулагдсан цагаасаа хойш сумын Засаг даргын тамгын газартай нийгмийн хариуцлагын хүрээ, Засгийн газрын 151-р тогтоолын хэрэгжилтийг орон нутагт ханган ажиллах, ажилгүй, орлогогүй иргэдийг ажлын байраар хангах сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтад оролцох гэрээ байгуулж ажиллаж иржээ. Үүний хүрээнд урд өмнө нь нинжа нэрийн дор гар аргаар алт олборлож байсан иргэдийг бичил уурхайн нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж хуулийн хүрээнд аюулгүй орчинд ажиллах боломжийг нээн тогтвортой ажлын байраар хангасаар иржээ.

“Буянтын хөндийн Шарын гол ТББ” нь урд өмнө нь сумын доторх автозамын засварлах, амжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний тусламж үзүүлэх, ажилчдынхаа ар гэр, нийгмийн асуудлыг шийдвэрлэж иржээ.
10 жилийн ойн баяраа энэ сарын 19-ны өдөр Шарын гол сумандаа бэсрэг наадам зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Бэсрэг наадмаар морь уралдах, сумын заан цолтой бөхчүүд  хүртэлх болон хүүхдийн хоёр насны ангиллаар хүчит бөхийн барилдаан бусад тэмцээн уралдаан зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумынхаа ард иргэдийн эрүүл мэндэд анхаарч яаралтай тусламжийн эргэлтийн эмийн санд эм, тариа хандивласанд эрүүл мэндиийн нийт эмч, ажилчид, сумын засаг даргын тамгын газрын хамт олон, иргэд талархалтай хандаж байлаа.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ