Тариалан эрхлэгч ААН, байгууллага, иргэдийг тоног төхөөрөмжийн түрээсээр дэмжинэ

Монголын мэдээ
192@montsame.mn
2018-08-09 16:29:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвс хуйлан боогч, үр тариа хураах комбайн, трактор, тэжээл хураагч, хадуур зэрэг техник тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариалан эрхлэгч ААН, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгохоор болжээ.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Ди Би Эм лизинг” ХХК-ийн хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу ОХУ-аас 21 төрлийн 196 техник, тоног төхөөрөмжийг хүлээн авч газар тариалангийн компани, тариалан эрхлэгч иргэдэд олгохоор болоод байна. Энд “Вектор 410” болон “Акрос 595” маркийн үр тариа хураах комбайн 30 ширхэг, “АГС” маркийн борной 10 ширхэг, “VERSATILE-375” маркийн дугуйт трактор 5, “STERH 2000” маркийн тэжээл хураагч чиргүүлийн комбайн 8 ширхэг, өвс хуйлан боогч, тэжээл хураагч, хадуур зэрэг техник тоног төхөөрөмж орж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк болон ОХУ-ын “Внешэконом” банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй ХАА-н эхний ээлжийн техник тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээлгэн өгөөд байгаа юм.ОХУ-ын ХАА-н техник, тоног төхөөрөмж авах ААН, иргэд
  • vүүлийн 2-оос доошгүй үйл ажиллагааг явуулсан байх
  • Урьдчилгаа төлбөр
  • Түрээсийн зүйлийг дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгуулах санхүүгийн чадвартай байх
  • Үндсэн түрээсийн хөтөлбөр, хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх шаардлагуудыг ханган авах юм.
Бүрдүүлэх материалд:
  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг хүссэн албан хүсэлт
  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг зөвшөөрсөн тухай эрх бүхий удирдлагын шийдвэр, тогтоол
  • Тухайн аж ахуйн нэгж, иргэний талаарх тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт
  • Удирдах албан тушаалтан, хариуцсан этгээдийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай нотлох санхүүгийн баримт
  • Нэмэлт барьцаа болгон барьцаалуулах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь
  • Гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгалд хамрагдах үүргийг зөвшөөрсөн, мөн тоног төхөөрөмжийн сервес, үйлчилгээний зардлыг хариуцахыг зөвшөөрсөн тухай албан бичиг
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй тухай тодорхойлолт
  • Түрээсийн төлбөрийг хэрхэн гүйцэтгэх талаарх төлөвлөгөө, төлбөрийн чадвартайг нотлох баримтууд орж байна.
 
 
Холбоотой мэдээ