Юү Арима: Монголд мэдээллийн технологийн дараагийн үе шатууд хөгжих боломж бүрэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-08 19:28:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Блокчейн технологи дээр суурилсан крипто валют болон IT-ийн бизнес эрхлэгч, Хонгконгт сүүлийн 4 жил ажиллаж буй Японы “Супер Брайн” компанийн төлөөлөгч Юү Арима Монголд үйл ажиллагаагаа эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж ярилцлаа.
 
Хиймэл оюун ухаан дээр суурилсан РС таны өмнөөс худалдаа хийж байна
 
Өнөөдөр блокчейн технологи дээр суурилсан криптовалютын төрлүүд дэлхий нийтэд 1700 гаруй үйлчилж байна. Эдгээр валютын хувьд хүчтэй хөгжиж олон улс орон бүрт тархаж байгаа ч яг хүмүүст тулсан хэрэгцээг хангаж асуудлыг шийдэх тал дээр крипто зоосны хэрэглээ муу байгаа юм. Гэхдээ энэ технологи дээр суурилаад IT-ийн бусад төрөл хөгжих суурь нөхцөл бий болж байна. Тухайлбал, Японд AI буюу хиймэл оюун ухааны чиглэлээр эрдэмтэд, мөн түүнчлэн программ хөгжүүлэлтийн инженер мэргэжлийн ажилтнууд дүрс, дууны шинэчилсэн анализ хийх системүүдийг хүчтэй хөгжүүлж байна. Ийм систем бүхий технологийг сүүлийн үед худалдаа үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах болсноор олон улсад дэлхийн худалдааны чиг хандлагыг орвонгоор өөрчилсөн хувьсал хийж эхэллээ. Үүний нэг нь хиймэл оюун ухааны чиглэлээр өөрийн гэсэн валютыг гаргаж байгаа явдал юм. Энэ валют гарснаар төлбөрийн гүйцэтгэлийг хөнгөвчилж хамгийн хямд зардлаар хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг олгохдоо орон зайг үл хамааран тухайн худалдан авагчдад бодит боломжийг бий болгож байна. Тодруулж хэлбэл, хиймэл оюун ухааныг ашиглана гэдэг нь асар том мэдээллийн баазыг өөр дээрээ суурилсан, өөрөө сэтгэн бодох чадвартай компьютерууд хүмүүст худалдаа хийх боломжуудыг олгож эхэллээ.

Жишээ нь, та машин худалдан авлаа гэхэд тухайн хүн болон машин дэлхийн аль өнцөгт, хаана байгаагаас үл шалтгаалан таны машиныг яг хажууд чинь алган дээр чинь байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр үзүүлж харуулж танилцуулна гэсэн үг. Та бүр тэр машиныг гараашдаа байрлуулснаар харж үзэж мэдэрч болох тийм боломж бүхий, хэнээс ч үл хамаарах, хэн ч таныг удирдаж чадахгүйгээр худалдан авалт хийх тийм боломж бүхий VIТ технологийн шийдлүүд гарч ирж, хүн төрөлхтөний ирээдүйн хөгжлийн чиг хандлага болоод байна. Энэ талаар ноён Юү Аримагаас “Хиймэл оюун ухаан дээр суурилан ашиглах шинэ технологийн зоос гарч байгаагийн онцлог, давуу тал нь юу вэ?” гэж асуухад тэрээр, “Крипто валютын бусад зоосны тухайд түрүү хэлсэнчлэн хэрэглээний талын шийдлүүдийг нь сайн гаргаж шийдээгүйгээс хэрэглээ муу байдаг. Манай зоосны хувьд хиймэл оюун ухааны AI маркетаар дамжин автомашин борлууллаа гэхэд бодит байдлыг бий болгож хүртээмжтэй байх нөхцлөөр хангаж өгч байгаа юм. Бид зөвхөн блокчейн технологи дээр суурилсан зоос гаргаад зогсоогүй, энэ технологио хүмүүст үр дүнтэй хүргэж тэдний хэрэглээний асуудлыг энэ их зав чөлөөгүй мэдээллийн эрин үеийн давалгаанд хэрхэн хөнгөн шуурай, хүртээмжтэй, хөнгөвчилсөн байдлаар шийдэж өгөх вэ гэдэгт тулгуурлаж, энэ тал дээр маш их ажилласан” гэсэн хариу өгсөн юм.
 
Худалдан авах барааг тань яг л алган дээр байгаа юм шиг мэдрүүлнэ
 
"Хиймэл оюун ухааны технологи гэж юу вэ? Энэ талаар 20-иод жилийн өмнөөс дэлхий даяар эрдэмтэн мэргэжилтнүүд судалж, хөгжүүлж эхэлсэн. Эхэндээ бол ерөнхийдөө мэдээлэл цуглуулж, тэр дундаас аль нь зөв гэдгийг сонгодог байсан бол одоо сүүлийн үед дараагийн шатны хөгжил болох цуглуулсан мэдээллүүд дээр тулгуурлаад хүн шиг сэтгэн бодох чадвартай болж, бүр бидний өмнөөс ажил үүрэг гүйцэтгэдэг болсны нэг жишээ нь, миний яриад буй автомашины худалдаа юм. Яг л бидний үздэг Холливуудын кинонууд дээр гардаг хүн роботууд шиг тийм хиймэл оюун ухааны РС-ууд ажиллах болсон. Энэ нь дуу, дүрс зурган дээр бидний өмнөөс буюу тухайн хэрэглэгчийн өмнөөс анализ дүн шинжилгээ хийх чадвартай болсон байх жишээний. Та машин худалдан авахад зургийг нь таны татаж авсан апплакейшнээр дамжин хиймэл оюун ухааны РС нь таны хүсч буй бүх мэдээллийг өгнө. Жишээ нь, энэ технологийн дууны систем нь гэхэд таны худалдан авах гэж машины копутыг сөхөхөд тухайн машины хөдөлгүүрийн чичрээ, дуу чимээг таныг хажууд нь байгаа юм шиг сонсгож тэр машин моторын хувьд асуудалтай байна уу гэдгийг танд мэдрүүлэх юм. 3D технологийг ашиглаад мөн машины дээр доорх байдлыг танд бодит байдлаар харуулна. Энэ бүхний хамгийн гол нь таны хүсч буй мэдээллийг хамгийн зөв бөгөөд бодит байдлаар хүргэж өгч буй явдал юм. Нөгөө давуу тал нь та машинаа худалдан авч төлбөр хийхэд зардал, цаг хугацаа, зав зай, ажил явдлыг чинь бүх байдлаар хэмнэж өгнө. Энд ямар ч шат дамжлага байхгүй, эрсдэл гарахгүй. Эдгээр байдалд шинэ технологийн давуу чанар оршиж байгаа юм” гэв. Эцэст нь ноён Юү Арима Монголд үйл ажиллагаа явуулах болсон талаараа өгүүлэхдээ, “Би Монголд ирээд удаагүй, 7 хонож байна. Энэ хугацаанд энд мэдэрсэн 3 зүйл намайг Монгол руу эргэлт буцалтгүй татла. Нэгд, би танай улсад Япон автомашины худалдааны суваг байдгийг, тэр нь борлуулалт сайтай байдгийг, мөн монголчуудын автомашины хэрэглээний 80 гаруй хувь нь буюу монголчуудын 90-ээс дээших нь Япон машин унадагийг энд ирж л мэдэрч, мэдсэн. Энэ бүхэн танай улсад хиймэл оюун ухааны шинэ технологийг нэвтрүүлж түүнийгээ автомашины худалдаан дээр хэрэглэж дэлгэрүүлэхэд намайг түлхэж өглөө” гэж ноён Юү Арима ярилаа.
 
Монголчууд Японоос маш их юм авч бидэнд мөнгө зарцуулж байгаа нь нэг ёсны том хөрөнгө оруулалт юм
 
“Таныг Монголд өөр юу уруу татав?” гэсэн асуултанд тэрээр, “Монгол орон асар уудам нутаг дэвсгэртэй хэрнээ 3-хан сая хүн амтай, гэхдээ тэрний тэн хагас нь зөвхөн Улаанбаатарт суурьшиж байгаа нь хүн төрөлхтний маргаашийн технологийн хэрэглээ болсон хиймэл оюун ухаан дээр суурилсан технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхэд хамгийн дөхөм, нэг дор олон хүнд хүргэх хүртээмжтэй арга зам болж байна, танай улс. Энэ талаар монголчууд дор нь ойлголт авна гэдэг би итгэж, тэр итгэл маань намайг Монголд татаж байна” гэсэн юм. Ярилцлагынхаа төгсгөлд тэрээр Монголд төрсөн сэтгэгдлээ хуваалцлахдаа, "Энд ирээд надад хамгийн эхлээд юу бодогдсон гэхээр монголчууд Японоос маш их юм авч бидэнд мөнгө зарцуулсан нь бас нэг ёсны том хөрөнгө оруулалт юм. Тиймээс япончууд бид юу хийх ёстой вэ гэж би дотроо бодож үзсэн. Аль ч улс орны адил танай улсад ядуу зүдүү, бага орлоготой хүмүүс байна. Нөгөө талаар ийм байдалд байгаа зарим монголчууд яг юу хийх талаараа мэдэхгүй, тийм байдлаасаа яаж гарах вэ гэдгээ бодож байх шиг санагдсан. Энэнд би өөрийн чадах чинээгээр, дэлхий гэдэг энэ том зах зээлд монголчууд оролцох боломжоор хангаж өгч хувь нэмэр болж, туслаж болох юм байна гэсэн бодол төрсөн. Мөн гэр оронгүй жаахан хүүхдүүд байна, тэдний асрамжийн газрууд байгааг мэдсэн. Тэдэнд туслахыг чинь сэтгэлээсээ хүсч байна. Зах зээл нь бага мэт боловч танай орон асар уудам нутаг дэвсгэртэй, иргэд нь өндөр боловсролтой, ДНБ-ээр Ази төдийгүй дэлхийд дээгүүрт орох өсөлтөө хадгалаад явж чадвал танай улсад хөгжлийн ирээдүй байгааг би харж байна. Монголд мэдээллийн технологийн дараагийн үе шатууд хөгжих боломж бүрэн байна” гэв. 
Б.Болд
Холбоотой мэдээ