ИНЕГ болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-03 13:56:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай нислэгийн журам зохиох, аюулгүй нам өндөр тооцоолох, нислэгийн зураг боловсруулах, аэродромын хэмжилт зураглал хийх, саадын хэмжилт хийх гэх мэт олон үйл ажиллагаанд геодезийн инженер, газар зүйн мэдээллийн инженер мэргэжилтэй нарийн мэргэжлийн 10 гаран мэргэжилтэн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба /НМҮА/, Нислэгийн журам боловсруулалтын алба /НЖБА/, Оношилгоо, хэмжил зүйн лаборатори /ОХЗЛ/ зэрэг албадуудад ажиллаж байна.
 
Эдгээр мэргэжилтнүүдэд хамгийн их хэрэгтэй бөгөөд нислэгийн аюулгүй ажиллагаанд хамгийн их нөлөөлдөг зүйл бол орон зайн өгөгдөл мэдээлэл (газрын зураг, байр зүйн тоон өгөгдөл) юм. Түүнчлэн орон зайн өгөгдөл мэдээлэл нь үнэн зөв, сүүлийн үеийн мэдээлэл агуулсан байх шаардлагатай байдаг бөгөөд түүнийг түргэн шуурхай солилцох шаардлага бидний өмнө тулгардаг. Энэ хүрээнд иргэний нисэхийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа геодезийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ИНЕГ болон Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/ хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2016 онд байгуулж байсан ба хамтын ажиллагааг илүү мэргэжлийн түвшинд хүргэж ажиллахаар хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан.
 
Улмаар “Иргэний нисэхийн үйл ажиллагаанд шаардлагатай геодезийн хэмжилт, газрын зураглалын хүндрэлтэй асуудлыг тогтоох, судлах, турших, мэргэжлийн шийдэл гаргах” зорилго бүхий ГЗБГЗЗГ болон ИНЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нь 2018 оны 4 сарын 19-ний өдөр хоёр газрын дарга нарын тушаалаар байгуулагдсан бөгөөд анхны хурлаараа өгөгдөл мэдээллийг саадгүй, түргэн шуурхай солилцох, геодезийн хэмжилт зураглалын ажлыг сайжруулах тал дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ