Наадамчдыг хоггүй наадуулахад анхаарал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-31 17:16:25
Сүхбаатар /МОНЦАМЭ/.Аливаа баяр ёслол, найр наадмын дараа хамгийн их яригддаг зүйл бол хогны асуудал байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монголчууд наадаж сурж байна гэж хүн болгон ярих болсон. Энэ байдал Алтан дарь овооны тахилгын дараа ч ажиглагдаж байлаа. Аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газраас тахилгын үеэр байгаль дэлхийгээ хамгаалах ажилд гол анхаарлаа хандуулсан нь үр дүнтэй байв.

Тахилгын зан үйл болон баяр наадамд оролцож буй иргэдэд хогны уут тарааж, Нэг уут хот, нэг сугалаа аянаа мөн үргэлжлүүлсэн байна. Ингэснээр иргэд хогоо тухайн уутанд хийж, тусгай хогийн цэгт хаяж байлаа. Хүүхэд багачууд ойр орчмынхоо хогийг түүж өгсөнөөр сугалаанд оролцож боломжтой болж, улмаар азтан болж байсан юм. Хэдийгээр сум орон нутаг, зохион байгуулагчдын зүгээс хогийн сав, цэгийг хангалттай байрлуулсан ч дээрх санаачлагууд илүү үр дүнтэй байсан юм.

Үүнээс гадна Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын хамт олон техник хэрэгсэлтэйгээ ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хогийг сумын төвийн хогийн цэг рүү зөөж, нуур ус, уул овоогоо бохирдуулахгүй байх арга хэмжээг дор бүр нь авсан нь наадамчдын сэтгэлд хүрч, талархлыг хүлээж байлаа.

Алтан дарь овооны төрийн тахилгыг газар газрын сүсэгтнүүд зорин ирсэн. Аймгийн Цагдаагийн газраас өгч буй мэдээгээр зөвхөн машины зөвшөөрөл гэхэд 20 мянгад хүрсэн байна. Үүнээс харвал ойролцоогоор 100 орчим мянган хүн Дарьганга суманд ирж баярлажээ. Энэ олон хүн ирээд буцсан газар нэг ширхэг ч хог үлдээгүй гэвэл өрөөсгөл ойлголт. Гэхдээ урьд жилүүдээс гарсан ахиц дэвшил их байгаа юм. Наадамлаж дуусаад, нуур усандаа орчихоод буцахдаа мөн л хогоо тэгээд явдаг эсвэл уут, хайрцаг саванд хийж хогийн цэгт хаядаг ийм ухамсар иргэдийн сэтгэхүйд сууж эхэлжээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ