ГССҮТ-ийн 600 эмнэлгийн ажилтан жилд 70 мянган хүнд яаралтай тусламж үзүүлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-08 12:48:09

Гэмтэл согогийн алба үүсч хөгжсөний 55 жилийн ойг тохиолдуулан ГССҮТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, клиникийн профессор Б.Бат-Оргил эмнэлгийн эмч, ажилтнууддаа мэндчилгээ дэвшүүлэв.

Уг мэндчилгээнд:

“Манай эмнэлэг гэмтэл согог судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтэн, судлаач мэргэжилтнүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийх, байгууллагыг зах зээл бизнесийн орчинд бие даан хөгжүүлэн өрсөлдөх чадавхтай болгон хөгжүүлэх зорилгоор эмчилгээ оношилгоонд дэвшилтэт мэдээлэл технологийг нэвтрүүлэн, хөрвөх чадавхитай төрөлжсөн  нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнийг гадаадад бэлтгэж, гэмтлийн болон үений согогийн шинэ мэс заслыг анагаахын практикт анх нэвтрүүлсэн мэргэшсэн хамт олон.

Бид өнөөдөр Монгол-Франц улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Яаралтай тусламж-Амилахуйн тусламж, Эрчимт эмчилгээ-мэдээгүйжүүлэг, рентген оношилгоо, мэс заслын блокуудыг хүчилтөрөгч-агаар-хийн системтэй холбон хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулж, Европын орнуудад хэрэглэж байгаа орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр дээрх нэгжид бүрэн шинэчлэл хийж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг мэргэшүүлэх сургалтыг Франц улсын анагаах ухааны их сургуулийн доктор, профессор эмч нартай хамтран явуулж байна.

Манай улсад осол гэмтэл нь нас баралтын гуравдугаарт, өвчлөлийн тавдугаарт орж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Бид асуудлыг шийдвэрлэхийн тулд түлэнхийн төвийг шинээр барих, гэмтэл согогийн өргөтгөл, цаашлаад гэмтэл согогийн хоёр дахь эмнэлгийг шинээр барьж байгуулах төсөл, төлөвлөгөө боловсруулан удирдах шатны байгууллагатай хамтран ажиллаж байна. Та бүхний хүн ардынхаа эрүүлийг хамгаалах их үйлсэд тань өндөр амжилт хүсье” гэв.

Анх 1960 онд Клиникийн I эмнэлэгт гэмтлийн 20 ортой тасаг, 1976 онд биеэ даасан гэмтлийн эмнэлэг, 1991 оноос клиникийн эмнэлэг, 2001 онд Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, багш Н.Дашийн нэрэмжит болгосон нь тус эмнэлгийн түүхэнд чухал үйл явдал болжээ. 2006 оны 11 дүгээр сараас ГССҮТ болон өргөжсөн байна.

ГССҮТ нь 412 ортой, төлөвлөгөөт болон яаралтай хагалгааны 12 хэсэг, 15 ортой эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг, эмчилгээний 16 тасаг, 7 албад, 80 суудал бүхий сургалт хийх бүрэн тоноглогдсон байртай, нийт 600 орчим эмч мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус төв нь эмчилгээ, оношилгооны практикт тархины гэмтэл, цус харвалт, цусан хангамжийн дутагдал, тархины хавангийн эмчилгээ оношилгоог орчин үеийн өндөр түвшинд хийдэг болжээ. Мөн өвдөг, түнхний хиймэл үе суулгах, үений дурангийн мэс засал, тибиал остеотоми, нурууны нугалмын хугарал, мултралын үед нугас дарагдсан тохиолдолд нугасыг чөлөөлж, металлл ялтсаар бэхлэх, мөрний мэдрэлийн сүлжээ тасарсан үед мэдрэл шилжүүлэн суулгах, түнхний төрөлхийн мултралыг мэс заслын аргаар засах, ясны дутуу хөгжил, ясны богиносолтыг Г.А.Илизаровын аппаратын тусламжтай уртасгах мэс заслын эмчилгээ зэрэг анагаах ухааны сүүлийн үеийн олон аргыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

Тухайлбал, 1999 оноос Хиймэл түнхний үе Монгол Улсад нэвтрүүлж, одоогоор 700 гаруй өвчтөнд энэхүү мэс засал амжилттай хийжээ. 2005 оноос Нурууны шинэ бяцарсан хугарлыг ардаас бэхлэх мэс заслыг олон улсын жишигт хүрэхүйц хийх болсон нь эмчилгээний өндөр үр дүнтэй байгаа аж. 2007 оноос Өвдөгний хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай нэвтрүүлж, дэлхийд нэрд гарсан “Струкер”, “Врайт” компанийн имплант хэрэглэж 120 өвчтөнд амжилттай хийжээ. Мөн 2008 оноос тархины мэс заслын дараах гавлын дутмагшлыг титан бүрхэвчээр нөхөх мэс заслыг нэвтрүүлсэн байна.

Мөн КТГ, MRI, дижитал рентген аппарат зэрэг орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг оношилгоонд ашиглаж байгаа аж.

Тус төвд жилд 70 мянга гаруй хүн осол гэмтлийн яаралтай тусламж, 20 гаруй мянган хүн амбулаторийн тусламж, 12 мянган хүн стационарын тусламж авч, 6000 гаруй мэс заслын эмчилгээ хийдэг байна.

Түүнчлэн Олон улсын явуулын мэс засалчдын холбоотой хамтран олон талт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ