230 гаруй иргэн хувиараа үйлдвэрлэл эрхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-26 21:24:01
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт  “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК, “Мандал-Хүдэр”, “Мандал Голомт”, “Тулга-Алтай”, “Ентүм”, “Ундарга-Эх”, “Ундрам-Оюу”, “Баярт-Олон”, “Залуур-Алтай”, “Залуур-Өргөө”, “Оюу-Бейкери”, “Хүслийн наран”, “Баян таян” ХХК зэрэг 60 гаруй аж ахуйн нэгж, 230 гаруй иргэн хувиараа аж ахуйн  үйлдвэрлэл эрхэлж байна. 
Тэд цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл, нүүр болон хүдэр олборлолт, гутал хувцас, архи дарс, ус, ундаа жүүс, талх нарийн боов, хиаман төрлийн бүтээгдэхүүн, банш бууз, сүү сүүн бүтээгдэхүүн, арвайн гурил, хуванцар цонх, хаалт, тоосго, блок зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм.
Тухайлбал, тус аймгийн Есөнбулаг сумд үйл ажиллагаагаа явуулж буй “Хүслийн наран” гутлын үйлдвэр 2009 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 14 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрийн дарга Т.Даринчулуун 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл гэргий Д.Наранцэцэгийн хамт бүх төрлийн гутал үйлдвэрлэж байгаа бөгөөд тэд 1996 онд “Хүслийн оргил”, 2002 онд “Хүслийн жигүүр” хоршоог байгуулан 2009 оноос “Хүслийн наран” ХХК болгон үйлдвэрлэлээ өргөжүүлжээ.  
Тус хамт олон хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулж ус чийг татдаггүй, өнгө үзэмж сайтай, хөлд эвтэйхэн, хөнгөн, дулаан гутлыг  үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхээс гадна та бидний нэрлэж заншсан цагаан ултай гутлыг бүх насныханд зориулж олон төрлийн өнгө загварын сонголттойгоор үйлдвэрлэн борлуулж байна. Мөн ээтэн, буриад, ажлын, бүжгийн гутлуудыг үйлдвэрлэхийн хажуугаар элэгдэж муудсан гутланд ул татах, цахилгаан солих, булчин сунгах зэрэг бүх төрлийн засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг ажээ.

Тэд гуталнуудаа дотоодын үйлдвэрүүд болон ОХУ-аас ирсэн чанартай материалаар хийдгээрээ давуу талтай юм. Тэрбээр үйлдвэрлэсэн гутлаа Есөнбулаг сумын “Шинэ-Алтай” худалдааны төвд өөрийн нэрийн дэлгүүрээр борлуулахаас гадна хөдөө сумдын иргэдэд явуулын худалдаагаар, Улаанбаатар хотруу иргэдийн захиалгаар худалдан авагчдад хүргэдэг гэнэ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ