Их цогчин дуганын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-21 09:41:26
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв /БШТ/ Эрдэнэмандал хийдийн шинэ дуганын ажил бүрэн дуусч, ашиглалтад орлоо. Шинэ дуганын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, МБШТ Гандантэгчинлэн хийдийн төлөөлөл лам хуврагууд, аймаг орон нутгийн удирдлагууд, сүсэгтэн олон оролцлоо. Аймагтаа шинэ дуганыг бүтээх ажлыг амжилттай эхлүүлж, үр дүнд хүрч чадсан хийдийн хамт олонд аймгийн Засаг дарга тусгайлан баяр хүргэж, цаашид үргэлж дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

“Шинэ дуганатай болох нь Эрдэнэмандал хийдийн лам хуврагууд төдийгүй сүсэгтэн олны олон жилийн хүсэл байсан нь нээлтийн үеэр харагдлаа. Нийт сүсэгтнүүийн хүслийг биелүүлж өгсөн их өглөгийн эзэн Хурд интернэшнл группын ерөнхий захирал Д.Балдоржид гүнээ талархал илэрхийлье. Сүхбаатарчууд сүсэгтэй, сүжигтэй ард түмэн. Дугандаа хүссэн үедээ ирж буян номын ажилд оролцохоос гадна хүссэн үедээ ирж бясалгал үйлдэж, өөрийгөө ариусгах боломжтой гэдгээрээ ихээхэн онцлог. Нөгөө талаар энэ дугана нь Монгол Удсын хэмжээнд хөдөө орон нутаг дундаас анхдагч хийц загварынх гэж хэлж болно” гэж Сүхбаатар аймгийн БШТ Эрдэнэмандал хийдийн дэд лам Н.Цамбанүрдэв ярилаа.

Харин өглөгийн эзэн Д.Балдорж хэлэхдээ “Иргэд сүсэгтэн олонд юуны өмнө талархал илэрхийлье. Буян номын ажилдаа үнэхээр сэтгэл гарган зорин ирснийг хараад баярлаж байна. Энэ бол миний бүтээлгэж буй гурав дахь дугана. Улаанбаатар хот болон Дорноговь аймагт өмнө нь дугана барьж ашиглалтад оруулсан. Харин одоо Сүхбаатар аймгийн Уулбаян сумын хийдийг мөн шинэчлэх ажил хийж байгаа. Удахгүй үүнтэй адил дахин нэг шинэ хийд Сүхбаатар аймагт сүндэрлэх болно. Буяны үйлсэд оруулж буй хувь нэмэр минь олон олон хүний зам мөрийг тэгшитгэх болтугай” гэв.

Энэхүү дуганыг нийт 1,2 тэрбум төгрөгөөр  бүтээлгэжээ. Хэлбэр хийцийн хувьд өвөрмөц содон бөгөөд хөдөө орон нутагт анхдагч гэдэг утгаараа жуулчдад сонирхуулах бас нэгэн үзмэр болох боломжтой ажээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ