Дэлгэр сумаас Байдрагийн гүүр хүртэлх хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-20 19:41:57
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой холбох бүтээн байгуулалтын ажлын нэг болох Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас Байдрагийн гүүр чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэлжээ.
“Авто замын барилгын ажлын концесс эзэмшигчээр “Эрчим хүч барилга угсралтын тресс” ТӨХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Монроуд” ХХК шалгарч, туслан гүйцэтгэгчээр “Алтай зам” ХХК, “Эрдэнэс зам” ХХК, “Арт роуд” ХХК”-ууд гүйцэтгэхээр замын угсралтын ажлыг хуваан авч удахгүй эхлүүлэхээр одоогоор замын чиг сэргээх, карьер тогтоох зэрэг бэлтгэл ажлаа хийж байна хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого,  төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Байгальмаа мэдэгдлээ. 
Уг зам нь ашиглалтад орсноор Монгол орны баруун аймгууд болох Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдож, баруун хязгаар нутгийн ард иргэд тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, тухайн бүс нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх, хот, хөдөөгийн ялгаа арилах ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил билээ. 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард Говь-Алтай аймагт ажиллахдаа уг хатуу хучилттай авто замын ажилтай танилцаж, холбогдох албаныханд ирэх намар бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг өгсөн юм.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ