Замын-Үүдэд урьд орж байгаагүй усархаг бороо орж, зам талбай усаар дүүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-20 12:04:34
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд суманд долдугаар сарын 19-нд орсон түр зуурын усархаг бороо орж зарим байшин барилга, объектын хонгилд ус хуримтлагджээ.
Энэ талаар тус сумын ЗДТГ-ын дарга Б.Батдуламаас тодруулахад “Долдугаар сарын 19-нд орсон усархаг борооны улмаас зарим  байшингийн орц, хонгилд ус нэвтэрч, зам талбайд ус дүүрч, суваг шуудуу, хонхор газар ус тогтсон. Үүссэн нөхцөл байдлын дагуу сумын Онцгой комисс хуралдаж шаардлагатай авто техникийг дайчилж борооны усыг зайлуулах зэрэг ажлыг зохион байгууллаа. Борооны уснаас сэргийлж  мэргэжлийн хүмүүс цахилгааны утасны шон, гэрлийн аюулгүй ажиллагааг хангаж үзлэг шалгалтыг өмнө нь  хийсэн. Байгалийн хүчин зүйл, усархаг аадар бороо зарим барилга байшин, зам талбайн чанарыг шалгалаа. Авто тээврийн биржийн харьяа орон сууц, мөн Замын-Үүдийн хот тохижилтын байранд ус нэвтэрсэн. Дээрх барилгууд  олон жил болж чанар нь муудсан байдаг.
Гэхдээ гамшгийн хэмжээнд хүртэл хор хохирол учраагүй. Онцгой байдлын албаныхан одоо ч ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл, усархаг борооноос сэрэмжүүлэх тухай хэдэн хоногийн өмнөөс айл өрх, албан газарт зар мэдээллийг хангалттай өгсөн” гэв.
Замын-Үүд суманд долдугаар сарын 19-ний өглөө зөөлөн бороо шивэрч байснаа өдрийн 12-14 цагийн хооронд гэнэт ширүүсч 50.1 мм хэмжээтэй хур тунадас оржээ. Уг нь аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний албанаас Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл сумын нутгаар 20-31 мм хэмжээтэй усархаг бороо орно гэж анхааруулж байсан хэдий ч Замын-Үүд суманд 50.1 мм хүртэл орсон нь өмнө орж байгаагүй хур тунадас аж.
Хотыг анхнаасаа төлөвлөхдөө ус зайлуулах хоолой бариагүй тул борооны ус хонхор газар тогтож, зам дагуу урссан байна. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ