Мөнххайрхан сумын сургууль”Алтан гадас” одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-20 11:47:41
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ой” энэ онд тохиож байна. Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярын хурлыг 7 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Баярын хурлын үеэр тус сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сургуулийн хүндэтгэлийн туганд зүүж өглөө. 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одон гардуулах үеэрээ хэлсэн үгэндээ, Аливаа сургуулийн чанар нь сурагчдынхаа тоонд биш, төгсөгчдийнхөө алдар хүндэд байдаг. Тус сургуулийн төгсөгчдөөс Монгол Улсын гавьяат багш Г.Дашган, Гавьяат эмч О.Батсүх, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Хайсандаа, Гавьяат эдийн засагч А.Бааст, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Энэбиш, Гавьяат тээвэрчин Ж.Намсрай, Гавьяат жүжигчин Д.Болормаа, Монгол Улсын алдарт уяач, Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, Уулын спортын мастер Б.Эрхэмбаяр, Монгол Улсын аварга малчин М.Баттулга, Б.Амгаланбаяр, Ч.Оюун, Монгол Улсын урианхай сурын мэргэн Ц.Батзориг, Улсын аварга харваач Ч.Жаргалсайхан зэрэг олон арван алдартнууд төрөн гарсан байна. Улс эх орон, аймаг бүс, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй тус сургуулийн бүх төгсөгчдөд сургуулийнхаа нүүр царай, алдар хүндийн илэрхийлэл болж явахыг хүсэн ерөөе. Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургууль нь төр засгаас боловсролын талаар явуулсан бодлого, үйл ажиллагааг орон нутагт чанар хүртээмжтэй хэрэгжүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр сүүлийн 12 жил дараалан “Шилдэг үнэлгээтэй сургууль”-аар шалгарчээ. Ийнхүү тус сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одонгоор шагнаж байна. Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийнхны эрдэм мэдлэг ямагт ундран, алдар гавьяа эгнэгт бадарч байхыг ерөөе гэлээ.
Түүнчлэн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Боловсролын салбарт идэвх зүтгэл, ур уxаан, цуцашгүй xөдөлмөрөө зориулсан үе үеийн багш, ажилтнуудад “Төрийн дээд одон, медаль” гардууллаа. Үүнд: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Ш.Сэр-од, Б.Амгаланбаяр, “Алтан гадас одон”-гоор Ц.Батаа, М.Уламбаяр, Т.Долгор нар шагнагдсан юм. Мөн Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам болон аймаг орон нутгийн салбарын шагналуудаар нэр бүхий багш сурган хүмүүжүүлэгчдийг шагнаж урамшуулав.
Үүнээс гадна Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан тус сургуулийн сурагчдын бүлгэмийн 70 сурагч бүрээ, бөмбөр хөгжим тоглож, “Бүхий олон багачууд” дуугаар мэндчилсэн юм.
Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургууль нь Ховд аймгийн “Алтан гадас одонт” хоёр  дахь сургууль болж байна.
А.Бямбасүрэн


 
 
 

Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургууль нь Ховд аймгийн “Алтан гадас одонт” хоёр  дахь сургууль болж байна.
Холбоотой мэдээ