Хөдөө аж ахуйн салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-19 17:31:48
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Засгийн газрын 2018 оны долоодугаар сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоолыг үндэслэн Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах  ажлыг эхлүүлэхээр өнөөдөр тус аймгийн Засаг дарга захирамж гаргалаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эхний ээлжинд мал сүргийг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгад хамруулах, бэлчээрийн ургац, даац багтаамжийг тодорхойлох, зун намрын отор малчин өрх,малын тоог нарийвчлан гаргах, өвөлжөө, хаваржааны нутгийг малын хөлөөс чөлөөлсөн шийдвэр гаргахыг сумдын Засаг дарга, Тамгын газарт хүргүүлсэн байна.
Тус аймгийн нийт газар нутгийн 8812,4 мянган га нь бэлчээрийн талбайгаар ашиглагдаж байгаа ба өнгөрсөн оны эцсээр 3801 мянган толгой мал тоолуулсан юм. Ийнхүү малын тооноос хамааран Засгийн газраас тус аймгийг аюулгүйн нөөцдөө өвс 200, тэжээл 100 тонныг харин 18 сум тус бүр өвс 30, тэжээл 50, аймгийн хэмжээнд нийт өвс 740, тэжээл 1000 тонныг бэлтгэхийг даалгажээ. 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ