Цогтчууд “Алтан гадас” одонгийнхоо мялаалга наадмыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-19 16:57:24
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Цогт сум нь 2018 оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан хэмээн өмнө нь мэдээлж байсан бол энэ өдрүүдэд Цогтчууд “Алтан гадас” одонгийнхоо мялаалга, сумын баяр наадмаа хийж байна.
 
Долоодугаар сарын 18-ны өдөр хүндэтгэлийн хурлаар эхлүүлсэн уг наадам энэ сарын 20-ны өдөр өндөрлөх юм. Өнөөдөр хурдан морьдын уралдаан, сурын харвааны тэмцээн явагдаж байгаа бол маргааш хүчит бөхчүүд бяр чадлаа сорин наадмыг өндөрлүүлэх ажээ. 
Цогт сум нь 1924 онд байгуулагдсан ууган сумдын нэг ба газар нутаг, хүн ам, малыг тоогоор аймагтаа төдийгүй улсдаа дээгүүрт ордог томоохон сум юм. 3500 гаруй иргэд 307500 мал сүргээ өсгөн үржүүлж байна. 
Сонирхуулахад Говь-Алтай аймаг нь 1973 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулж байсан бол 1969 онд тус аймгийн Халиун сум, 1979 онд Бугат сум “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ. Ийнхүү 38 жилийн дараа Цогт сумыг одонгоор шагнажээ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ