"Хил хязгааргүй шүдний эмч нар" Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-18 15:48:58
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын "Хил хязгааргүй шүдний эмч нар" /DWLF/ Олон улсын тусламжийн байгууллагын эмч нар энэ сарын 17-29-нд Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь санаачлан дэмжиж хэрэгжүүлж байгаа аж.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын "Хил хязгааргүй шүдний эмч нар" буюу /DWLF/ Олон улсын тусламжийн байгууллагын эмч нар аймгийн ЗДТГ, аймгийн ЭМГ, сум, тосгодын ЗДТГ, ЭМТ-үүдтэй хамтран ажиллаж байна. Дээрх эмч нар эдгээр өдрүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, хүүхдийн шүдний түрхлэг, шүдний чулуу авах, шүд ломбодох, шүд авах зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй хийхийн зэрэгцээ амны хөндийн эрүүл ахуйн талаарх сургалтыг давхар явуулах гэнэ. Тэд үзлэгтээ 3-15 насны зорилтот бүлгийн хүүхдүүдийг түлхүү хамруулахыг зорьж байгаа ажээ.
Энэхүү "Хил хязгааргүй шүдний эмч нар"-ын үзлэг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Сайхан, Жавхлант, Алтанбулаг, Шаамар, Хүдэр сумд, Түнхэл, Номгон, Дулаанхаан тосгодод үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ