Ж.Мөнхбат: Архангай аймгаас оролцсон граунд гольфийн баг тамирчид Азийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-10 11:48:53
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Граунд гольфийн холбооны тэргүүн Ж.Мөнхбаттай ярилцлаа.

-Саяхан болсон Граунд гольфийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай аймгийн баг тамирчид Азийн аварга болоод иржээ. Баяр хүргэе?
- Баярлалаа. Граунд буюу талбайн гольфийн Ази тивийн анхдугаар аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Нийслэлийн Засаг даргын ивээл дор 2018 оны 06 сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Чингисийн хүрээ амралтын байгалийн гольфийн талбайд боллоо. Азийн аварга шалгаруулах талбайн гольфийн анхдугаар тэмцээнд Орос, Япон, Солонгос, Хятад, Монгол, Энэтхэг, Турк, Чех, Польш, Индонез, Лаос, Унгар улс, Нийслэлийн 9 дүүрэг, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Төв, Баянхонгор, Орхон, Дархан-Уул зэрэг 10 аймгийн нийт 448 тамирчин ур чадвар, оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо. Хамгийн залуу нь 10 настай, хамгийн ахмад нь 85 настай тамирчин байлаа. Азийн аваргын тэмцээнийг  Монгол, Хятад, Япон, Оросын холбооны улсын тамирчид тэргүүлсэн бөгөөд хувийн болон багийн амжилтаар Монгол Улсын тамирчид Ази тивийн  Граунд гольфийн анхны аваргаар тодорсон юм.  Өөрөөр хэлбэл, Архангай аймгаас оролцсон граунд гольфийн баг тамирчид Азийн аварга боллоо.



-Азийн аварга шалгууруулах талбайн гольфийн энэ удаагийн тэмцээний онцлог юу байсан бэ?
- Граунд гольфийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гол онцлог бол цоо шинээр хөгжиж эхэлсэн энэ спортын анхны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болсон явдал юм. Спортын түүхийн нэг шинэ хуудас яах аргагүй мөн. Нийслэлийнхэн сайн бэлдэж зохион байгуулсан, төр захиргааны зүгээс их дэмжлэг үзүүлсэн байна билээ. Граунд гольфийн анхны Азийн аваргууд Монголоос тэр тусмаа орон нутаг Архангай аймгаас төрөн гарлаа. Энэ том тэмцээн Монгол Улсад болсон нь орон нутгаас олон тамирчин оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой юм. Түүнээс биш гадны улс орнуудад болвол зардал мөнгөнөөс эхлээд олон асуудал байдаг.

- Манай аймгаас хэдэн тамирчин оролцож, ямар амжилт гарсан бэ?
-Архангай аймгаас 30 тамирчин оролцлоо. Багийн амжилтаар Граунд гольфийн Азийн аварга болсон. Хувийн амжилтаар Б.Дашням Азийн аваргын шилдэг наймд шалгарч цом, өргөжлөл авсан. Нэг цохилтын “Алтан бөмбөг” цомын эзнээр Б.Дашням, И.Энхбаяр нар тус бүр 2 удаа, Н.Молорцэцэг, Л.Отгонцэцэг, Ч.Өнөржаргал, А.Батсүх, Д.Энхмандах, Ц.Нэргүйбаатар, н.Сумъяа нар тус бүр 1 удаа нэг цохилтоор оруулж шагналын эздээр тодорсон сайхан амжилтууд гаргалаа. Энэ бол манай тамирчдын гурван сарын турш нар, салхинд гандаж уйгагүй хичээл зүтгэл гаргаж бэлтгэл хийсний үр дүн юм.


-Манай аймагт энэ спортын хөгжил ямар шатандаа байна вэ? Ямар насныхан түлхүү тоглож байна вэ?
-Граунд буюу талбайн гольф 1982 онд Япон улсын Тотори мужид анх үүссэн харьцангуй залуу спорт гэдэг.  Манай аймагт анх 2016 оноос эхлээд өнгөрсөн онд нилээд эрчимжсэн. Одоо бол байнгын болон хааяа тоглодог тамирчид нийлээд жараад хүн байна. Ямарч насны хүн тоглож болно. Насны зааг ялгаа байхгүй. Сая болсон Азийн аваргын тэмцээнд орсон манай тамирчид гэхэд л 23-40 насны 10 тамирчин, 40-60 насны 15 тамирчин, 60-82 насны 5 тамирчин байх жишээтэй.

-Талбайн гольфийн спортын талаар уншигчдад тодорхой ойлголт өгөх үү?
-Граунд гэдэг нь газрын хэвлий гэсэн утгатай үгнээс гаралтай юм билээ. Өөрөөр хэлбэл, газар дээрх талбайд тоглодог гольф юм. Гольфийн хэд хэдэн төрөл байдаг. Хүмүүс нөгөө кинонд гардаг баячуудын тоглоом уу гэж асуугаад байдаг. Тэр бол нэг төрлийн гольф юм. Гольфийн төрлүүд, зориулалт, зорилгоороо өөр өөр байдаг. Бидний тоглодог Граунд буюу талбайн гольф нь хэн ч, хаана ч, хэзээ ч  тоглож болдог хүний эрүүл мэндэд ач тустай, нийтийн биеийн тамир юм.

-Та сая хүний эрүүл мэндэд ач тустай гэлээ. Яг юунд хэрэгтэй, тустайг тодруулж хэлэх үү?
-Нэгдүгээрт, хүнийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг. Граунд гольфийн талбайд 15, 25, 30, 50 метрийн зайд хэдэн удаа ч тоглож болно. Тоглох бүр байнгын алхаж, янз бүрийн хөдөлгөөн хийдэг. Ийм учраас эрүүл мэндийн спорт, нийтийн биеийн тамир. Хоёрдугаарт, гольфийг эрүүл агаарт тоглодог тоглоом. Гуравдугаарт, хүний биеийн алжаал тайлж, тархи амараадаг тоглоом. Хүн гудамж юмуу ууланд алхаж явахдаа ажил төрлийн, хувийн амьдралын янз бүрийн юм  бодож  байнга тархи нь ажиллаж байдаг гэнэ. Тэгвэл гольф тоглож байгаа хүн зөвхөн тоглоомдоо анхаарч өөр зүйл огт боддоггүй байна. Дөрөвдүгээрт, гольф бол найз нөхөд, нөхөрлөлийн өргөн хүрээлэл, нэг сонирхолын дор нэгдсэн баг, хамт олонг бий болгодог тоглоом. Граунд гольфийг ганцаараа, багаараа, гэр бүлээрээ, байгууллага хамт олноороо тоглож болдог. Япончууд гольф тоглодог бүсийнхээ хүмүүсийг илүү урт насалж байна гэсэн судалгаа гаргасан гэнэ лээ. Магадгүй  нууц нь үүнд ч байж мэдэх юм.

-Сурахад амархан уу, ямар онцлогтой спорт вэ?
-Граунд гольф хялбархан дүрэмтэй, тоглогч өөрөө бусаддаа хяналт тавьдаг, өндөр техник шаардагагүй, шууд тоглоод эхэлж болдог, явцын дунд өөрийн мэдрэмжээрээ суралцдаг онцлогтой. Тоглогч өөрийн мэдрэмжээрээ ур чадвар нь сайжирч амжилт гаргах магадлал нь өндөр болдог. Өөрөөр хэлбэл, тоглож байгаа газраасаа хамаарч хазгай налуу, хотгор гүдгэр, бартаа саад орчноо мэдрэх, хол ойр зайгаа мэдэх, цохих чигээ зөв баримжаалах, биеэ зөв байрлуулах, анхаарлаа маш сайн төвлөрүүлэх зэрэгтэй хамааралтай байдгийг мэдэрч, оюун ухаандаа бодож сэтгэж, ур чадвар эзэмшсэн нь амжилт гаргадаг гэсэн үг. Манай үндэсний спорт мөсөн шагайтай адилхан мэдрэмж шаарддаг тоглоом. Ийм учраас Монголчууд богино хугацаанд амжилт байгаа байж мэднэ. Амжилт гаргахгүй байсан ч эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байгаа нийтийн биеийн тамир юм гэж ойлгох хэрэгтэй.

-Ямар хэрэглэл ашиглаж тоглодог юм бэ? Худалдаанд хэр байдаг юм бол?
-Талбай, цохиур, бөмбөг, суурь, ул гэсэн гол хэрэглэл байгаа. Бас дагалдах хэдэн зүйл бий. Эдгээр бүгд стандарт хэмжээтэй. Яг зориулалтын үйлдвэрлэсэн хэрэглэл бол Японоос захилгаар авдаг, өртөг өндөртэй. Манай аймгийнхан өөрсдөө бөмбөгнөөс бусдыг хийж хэрэглэж байгаа, цаашдаа ч сайн хэрэглэл хийж ашиглахыг зорьж байна. Одоо бид хөл бөмбөгийн талбай, наадмын талбай, Доной, Халзангийн аманд  гольф тоглож байна. Жил бүр аймгийн аварга шалгаруулах, хаврын нээлт, намрын хаалтын нээлттэй тэмцээнүүд зохион байгуулж байгаагаас гадна  сарын бүрийн 15-нд бооцоот тэмцээн хийж байна.


-Аймагтаа энэ спортыг хэрхэн хөгжүүлэх вэ?
-Граунд гольф тоглодог хүмүүсийг олон болгох, хамрах хүрээгээ тэлэх, бүх нийтийн эрүүл мэндийн биеийн тамир болгохыг зорино. Аймаг, орон нутгийн дэмжлэг, иргэдийн оролцоо, зохион байгуулагчдын идэвх санаачилга гээд л олон зүйлээс хамааралтай, цаг шаардах ажил юм. Юуны өмнө өөрсдөө хэрэглэлээ хийдэг болох, зориулалтын талбайтай болох, олон нийтэд сурталчлан таниулах, сургагч багш бэлтгэх гээд хөтөлбөр төлөвлөгөө гаргаж дэс дараатай хийх олон ажил байна. Төр, төрийн бус байгууллага, олон нийтийн хамтын ажиллагаа их чухал гэж үзэж байгаа. Энэ дашрамд та бүхнийг Граунд гольфоор хичээллэхийг урьж байна. Архангай аймгийн талбайн гольф сонирхогчдын холбоо фэйсбүүкийн бүлгэм дээрээс байнга мэдээлэл авч болно.

-Гольфийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг та юу гэж бодож байна?
-Япон Улс граунд гольфийг дэлхийн спорт болгохыг зорьж байгаа юм билээ. Бүх нийтийн эрүүл мэндийн спорт болж, олон улс орон хамарч хөгжих  хандлага байна.   Жил бүр граунд гольф үүссэн Тотори мужид олон улсын нээлттэй тэмцээн хийж байгаа. 2019 онд Польш Улсад олон улсын нээлттэй тэмцээн, 2021 онд болох  Японы Хансайн мастеруудын дэлхийн их наадмыг 6 төрлийн спортоор хийхээр зарласан. Үүний нэг нь граунд гольф байгаа юм. Манай улс ч энэ спортыг  эрчимтэй хөгжүүлэх бодлого баримталж эхэлсэн. Аймгийнхаа нийт иргэд, албан байгууллага, хамт олныг граунд гольфоор хичээллэж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл мэндээ сайжруулахыг уриалж байна.

-Баярлалаа.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ