Бүтээгдэхүүнээ экспортод гаргахад Дэлхийн банкнаас санхүүгийн буцалтгүй дэмжлэг авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-07-05 10:10:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наад зах нь хоёр жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, бүтээгдэхүүнээ экспортод гаргах төлөвлөгөөтэй ажиллаж буй ААН-үүд Сангийн яам, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Нөхөн олговрын санхүүгийн дэмжлэг үзүүлэх” төсөлд хамрагдах боломжтой юм.
ААН-д тавих шаардлага нь санхүүгийн боломж буюу жилийн борлуулалтын орлого 10 мянган ам.доллараас дээш байх ёстой, үүнийг хангасан ЖДҮ-үүд экспортын бизнесийн төлөвлөгөө, материалаа бүрдүүлээд Дэлхийн банкинд хандан хүсэлт гаргаж нөхөн олговрын санхүүжилт авах юм. Энэ талаар Дэлхийн банкны Бизнес хөгжлийн шинжээч Ш.Дэлгэрмаагаас тодрууллаа.
Тэрээр, “Нөхөн олговрын санхүүжилт гэдэг нь нэг ёсны санхүүгийн дэмжлэг юм. Тухайн ААН экспортыг хөгжүүлэхэд гаргасан зардлаа эхлээд өөрөө бүрэн дааж эцэст нь тухайн зардлынхаа 50 хувийг буцалтгүй хэлбэрээр нөхөн авахыг хэлж байгаа юм. Энд гарах зардлууд гэвэл бизнес хөгжлийн стратеги боловсруулах, үйлдвэрлэлийн менежмент болон бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлыг сайжруулах болон маркетинг буюу тухайн зорилтот зах зээлд гарахтай холбоотой зардлууд орно. Мөн гадаадын үзэсгэлэн-худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчлахтай холбоотой зардал ч багтана. Энэ бүхнийгээ тооцоод манай хүсэлтээ гаргаж гаргасан зардлынхаа 50 хувийг буцаан авах юм. Өнөөдрийн байдлаар 200 гаруй компани, ААН хүсэлтээ гарган бүртгүүлээд байгаагаас 150 гаруй нь төсөлд хамрагдах боломжтой гэсэн мэдэгдлээ аваад одоо бизнес хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах шатандаа явж байна. Үр шимийг хүртэж байгаа ААН-үүд гэвэл 47 компани, ЖДҮ 800 мянган ам.долларын гэрээ хийгээд байна. Тиймээс ААН-үүд хийсэн ажлаа тайлангийн хамт манайд авчирч өгөөд 50 хувийн санхүүжилт авч болох юм" гэв.
Дээрх төсөл нь Засгийн газраас экспортыг дэмжих зорилгоор Дэлхийн банктай хамтран уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүдийн экспорт хийх чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжиж байгаа юм. 
Б.Болд
Холбоотой мэдээ