Судалгаагаар бизнес эрхлэгчдийн 57 хувь энэ онд бизнесийн орчин сайжирна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-28 17:03:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас жил бүр гардаг “Бизнесийн итгэлийн индекс” судалгаанд оролцсон бизнес эрхлэгчид 2018 оныг хөрөнгө оруулалт хийхэд илүү сайн орчин бүрдсэн жил болно гэсэн хүлээлттэй  байна.  
МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус нийт 934 ААН-ийг хамарсан судалгаанд оролцогсдын 65 хувь нь өнгөрсөн онд бизнесийн орчинг сайжруулахад хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хангалтгүй гэсэн хариу өгсөн байна. Тодруулбал, 2017 онд бизнесийн орчин “муудсан” буюу огт өөрчлөгдөөгүй гэсэн үнэлгээ өгчээ. Харин 2018 оны хувьд бизнесийн орчин ямар нэг хэмжээгээр сайжирна гэж 58 хувь нь хариулсан байна. Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн 65 хувь, орон нутгийн бизнес эрхлэгчдийн 56 хувь нь ингэж хариулсан байна. Ерөнхийдөө бизнесийн орчин өмнөх жилээс ямар нэгэн хэмжээгээр сайжирсан гэж нийт судалгаанд оролцогсдын 35 хувь нь үзсэн бол 57 хувь нь энэ онд илүү сайн бизнесийн орчин бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Бизнес эрхлэгчдийн 24 хувь нь макро эдийн засгийн орчинд итгэлтэй байна гэж хариулсан нь өмнөх оноос 6 хувиар өссөн дүнтэй байна.
Тулгарч буй сорилт буюу бизнес эрхлэгчдэд учирч буй бэрхшээлийн тухайд судалгаанд оролцогсдын 17 хувь зээлийн хүү өндөр, хугацаа богино байна гэж үзжээ. Удаад нь бодлогын тогтворгүй байдал гэж 15 хувь нь, татварын хувь хэмжээ өндөр байна гэж 11 хувь нь үзсэн байна. Цаашлаад хууль хэрэгждэггүй хариуцлагагүй байдал, авлига, хээл хахууль, төрийн албаны нүсэр бүтэц, хүнд суртал тус бүр 9 хувьтай гарсан байна. Судалгаанаас харахад 2012 оноос хойш бизнес эрхлэгчдийн ашиг, орлогын үзүүлэлт буурсан үзүүлэлттэй байсан бол 2017 онд өссөн байна.

Анхаарал татахуйц үзүүлэлт нь 2016 онд бизнес эрхлэгчдийн 60 хувь нь 2017 оны хөрөнгө оруулалтын орчинг эерэгээр төсөөлж тухайн онд ямар нэг хөрөнгө оруулалт хийх хүлээлттэй байсан бол 2017 оны судалгаагаар тухайн оны хөрөнгө оруулалтын орчны гүйцэтгэлийн үнэлгээнд 57 хувийн эерэг дүн өгчээ. Өөрөөр хэлбэл 2017 оны хөрөнгө оруулалтын орчны хүлээлт, үнэлгээ хоёр нилээн ойролцоо гарсан байна. Бизнес эрхлэгчид 2018 оныг хөрөнгө оруулалт хийхэд илүү сайн орчин бүрдсэн жил байна гэж үзэж байгаа бөгөөд нийт судалгаанд оролцогсдын 79 хувь нь ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт хийнэ гэжээ. Гадаад зах зээлд худалдааны нөхцөл сайжирсан, гадаад дотоод санхүүжилтийн дарамт буурч, хөрөнгө оруулагчдийн итгэл сэргэсэн нь хөрөнгө оруулалтын орчны итгэл нэмэгдэхэд нөлөөлсөн байна.   
Судалгааг Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчдийн дунд  асуулгын болон онлайн хэлбэрээр 2017 оны 10-12-р саруудад явуулж Улаанбаатар хотын 238, 21 аймгаас нийт 696 ААН-ийг оролцуулжээ.  
Тодргуулга: Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байгаа орчиндоо ямар хэмжээний итгэл найдвар хүлээлгэж байгааг харуулдаг, олон улсад нийтлэг ашигладаг нэг  чухал үзүүлэлт бол  бизнесийн итгэлийн индекс юм. МҮХАҮТ 2000 оноос эхлэн 17 дахь жилдээ хийж ирсэн бизнес итгэлийн индекс нь макро эдийн засгийн орчин, бизнесийн ашиг орлого, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үнэлгээ зэрэг үндсэн 4 хэсгээс бүрддэг. МҮХАҮТ уг индексийг 2017 оноос эхлэн олон улсын аргачлалын дагуу дээрх 4 үзүүлэлтэд үндэслэн тооцон гаргаж байна. 
 
 Б.Болд
 
Холбоотой мэдээ