“Монгол Ээдэмцэр” төслийг Дэлхийн банкинд танилцуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-27 18:34:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийг төр, засгийнхантай уулзуулдаг "Business Breakfast" уулзалтын 23 дахь зочноор оролцсон ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг МҮХАҮТ-ын гишүүд бизнес эрхлэгчдийн асуултад бичгээр өгсөн зарим хариултыг хүргэж байна. 
-"Тэсо" корпорацийн төлөөлөл: -Манайх инноваци нэвтрүүлэх зорилгоор Монгол ямааны сүү хатаах технологиор боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо нийлүүлж, экспортлох төсөл хэрэгжүүлж байгаа ч яам болон малчдад танилцуулахад их цаг, хөдөлмөр зарцуулж байна. Энэ тал дээр орон нутагтай холбож өгнө үү?
-Орон нутгийн сүүний нөөцийг ашиглан импортыг орлох, мөн экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор төслүүдийг бодлогоор дэмжиж, зохион байгуулалтын хувьд хамтран ажиллахад бэлэн байна.
-Монголын Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн Нэгдсэн холбоо: -Сав баглаа, боодлын салбарт 40 орчим ААН ажилладаг. Засгийн газраас Үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлэх ажлын ахлагч нь сайд та байгаа ч санхүүжилт байхгүй ажил урагшаа явсангүй учир та ойрын хугацаанд энэ салбарынхантай уулзаж асуудлыг шийдэж өгнө үү?
-Энэ талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөнд 310 сая төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн 6 ААН хүсэлтээ ирүүлсэн боловч дэмжлэг авч чадаагүй. Хүнд даацын шуудай үйлдвэрлэгчидтэй хамтран тэднийг төрийн худалдан авалтад оруулахаар “Эрдэнэт”, “Оюутолгой” компанид албан бичиг хүргүүлэн, зохих уулзалтыг зохион байгуулсны дүнд сонгон шаргаруулалтад 4 үйлдвэрлэгч 500 мянган шуудай нийлүүлэх гэрээ байгуулаад байна. 


-Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөл: -Арьс ширний салбарынхан ЖДҮ-ийн зээлэнд төслөө өгсөн учир бидний хүсэлтийг анхаарч үзнэ үү?
-ЖДҮ-ийг Хөгжүүлэх санд арьс, ширэн эдлэлийн чиглэлээр 9624.8 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 16 төсөл ирснээс 3840.1 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 5 төсөл журмын шаардлага хангасан бөгөөд төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар 1795 сая төгрөгөөр 3 төсөл дэмжигдээд байна.
-Монголын Ээдэмцэр үйлдвэрлэгчдийн холбоо:-Манай улс 1990 онд 2000 тонн ээдэмцэр гаргаж авч ОХУ-аар дамжуулан Японд экспортлож байсан. Энэ эрэлт хүлээлт Японы зах зээлд одоо ч байна. Бид эрдэм шинжилгээний туршилт явуулж ЖДҮ-ийн зээлийн төсөл авсныг яамнаас хэрэгжүүлж буй 9 төсөлтэй уялдуулж өгнө үү?
-“Монголын ээдэмцэрийн холбоо”-ноос санаачлан боловсруулсан “Ээдэмцэр”-ийн  кластер төслийг бодлогын хувьд дэмжиж, санхүүжилт татахаар Хөгжлийн банкинд албан бичиг хүргүүлсэн. Төслийн санхүүжилт шийдэгдээгүй учраас одоогоор удаашралтай байна. Мөн тус төслийг БНСУ, Турк улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулахаар хүргүүлээд байна. НҮБ-ын ХХААБ-ын хэрэгжүүлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор МАА-н гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн дэмжлэгээр “Ээдэмцэр” кластер төсөлд хэрэглэгдэх сүүний микро болон ультра шүүлтүүрийг нийлүүлж, ХААИС-ийн МАА, биотехнологийн сургуультай хамтран орон нутагт үйлдвэрлэх “Ээдэмцэр” бүтээгдэхүүнийг лабораторийн түвшинд үйлдвэрт нэвтрүүлж, нутагшуулах, зорилгоор туршилтын ажлыг эхлүүлээд байна.
“Алслагдсан хөдөө орон нутагт сүүг кластерийн зарчмаар боловсруулж, импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төслийн танилцуулагыг Үндэсний хөгжлийн газарт хүргүүлсэн. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Дэлхийн банкинд танилцуулаад байна.
Б.Болд
 
Холбоотой мэдээ