M.Батмөнх: Залуу насандаа санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-27 17:54:15
Архангай /МОНЦАМЭ/. Архангайд олон сайхан хүсэл мөрөөдлийг бодож, биелүүлж явдаг олон залуус бий. Тэдний төлөөлөл БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа М.Батмөнхтэй ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Батмөнхөө? Хаан банкинд эдийн засагч хийдэг байхад нь их таардаг байж. Одоо ажил, амьдрал нь ямар байна дээ?
-Сайн. Сайн байна уу?. Танд болон аав, ээж, нутгийн зон олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо эхнэрийн хамт БНСУлсад ажиллаж, амьдарч байна.

-Солонгос улсад ажиллаж байгаа Монголчуудын амьдрал ямархуу байна вэ?
-Ер нь бол эх орон, аав ээж, үр хүүхэд, найз нөхөд, ах дүү нараасаа хол байна гэдэг тийм ч амар биш, хэцүү л дээ. Солонгост хөдөлмөрийн хөлсний цагийн үнэлгээ өндөр байдаг. Эх орондоо ажиллаж, амьдрах шиг сайхан зүйл хаа ч байхгүй. Гэхдээ амьдрал хүнд болохоор л Монголчууд маань энд ажиллаж, арай илүү цалин авч байна. Энд хэр мөнгө хураах нь тухайн хүнээсээ шалтгаална. Ер нь мөнгө хураах бүрэн боломжтой. Тийм дээ ч манайхан нааш ирэх нь ихэсч байгаа.

-Ажил олдохдоо хэр байдаг вэ? Ажил голж шилнэ гэх ойлголт бий юу?
-Залуу насанд ажил голохгүй хөдөлмөрлөх хамгийн сайхан. Ялангуяа Солонгос Улсад олдсон ажлыг л бид хийдэг. Монгол Улстай минь харьцуулахад тэс ондоо. Солонгос Улс бол нас, хүйс, өндөр нам, боловсрол гэж ялгахгүй шууд аваад ажиллуулдаг. Монголд бол ажилд орох гэж их өндөр шалгууртай тулгардаг. Тэгээд ч авдаг нь цөөхөн. Гэхдээ залуучууд бид хөдөлмөрлөж байж их зүйлийг бүтээнэ. Ажил голж сууснаас чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, ядаж л өөрийн гэр бүлээ аваад явчихдаг болж байж улс орон хөгжинө гэж боддог. Энэ бол миний хувийн бодол л доо. Мөнгө олох гэж хөнгөн хийсвэр байдлаар сэтгэдэг хүмүүс цөөнгүй байдаг. Хөдөлмөр хэзээд амжилт дагуулдаг.

-Наанаас чинь авах санаа ч гэх юмуу, Монголд ийм байвал зүгээр юм даа гэж бодож байгаа зүйл байна уу?
-Миний хувьд Монголд ажлын цагийг өглөө 8-аас эхэлдэг болгомоор санагддаг. Солонгос Улс бол ажлын цагийг яс барина. Хүний хөдөлмөрийг маш сайн үнэлнэ. Энд Солонгосын ажил ид дундаа ороод жигдэрч байхад манайд ажил бараг эхлээгүй байдаг. Эрт боссон хүн л их зүйлийг бүтээх боломжтой юм байна гэдгийг мэдэрч байна. Эхнэр бид хоёр ярьдаг юм. Нутагтаа очоод хамгийн түрүүнд хүүхдүүдээ өглөө эрт босгож сургана. Ер нь эрт боссон хүн л ихийг бүтээж, бусдаас түрүүлж алхаж, бүхнээ амжуулдаг юм байна гэдгийг сайн ойлгож байна даа.

-Гадаадад ажиллаж байгаа хүний нүдээр харахад эх орны маань ирээдүй хэрхэн төсөөлөгдөж байна?
-Миний хувьд эх орны минь хөгжил ойрхон гэж боддог. Манайд дахин боловсруулах үйлдвэр болон үйлдвэржилтийг дэмжээд ажил хэрэг болговол улсын эдийн засаг хөгжинө. Том мөрөөдөл маань Монголдоо очоод дахин боловсруулах үйлдвэр барих. Хүн илүү том мөрөөдөх нь зүйтэй гэдэг шүү дээ. Ядаж л хогоо ялгаж дахин боловсруулах хэрэгтэй юм байна.

-За хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчлөөд хувь хүн тал руу чинь оръё? Эрдэнэмандал сумын уугуул гэж сонссон юм байна?
-Тийм. Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Цоргын эх гэдэг газар аав Мөнхтуулын бага хүү болж, гэртээ төрж байсан гэж аав, ээж маань ярьдаг. Хөдөө гэртээ гарсан гэсэн үг. Эрдэнэмандал сумандаа 2005 онд 10-н жилийн сургуулиа төгсөөд 2005-2009 онд МУИС-ийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн. Математикийн хичээлд их дуртай байсан маань Эдийн засагч мэргэжилтэй болоход нөлөөлсөн шүү. Их сургуулиа төгсөөд Хаан банкны сонгон шалгаруултад орж Өндөр-Улаан сумын хаан банкинд эдийн засагчаар орж ажлын гараагаа эхэлж байлаа. Өндөр-Улаан сум манай ээжийн төрсөн нутаг тул их сайхан санагдаж байсан. Өндөр-Улаан суманд хоёр жил ажиллаад, Архангайн төв салбарт теллерээр нэг жил, Эрдэнэбулган сумын эдийн засагчаар 2013-2014 он хүртэл дараа нь Архангай салбарт том зээл хариуцсан эдийн засагчаар нэг жил, 2015-2016 онд Архангай салбарт ахлах эдийн засагч, тооцооны төв хариуцсан менежерээр 2017 он хүртэл ажилласан.

-Аав ээж тань ямар ажил төрөл эрхэлдэг хүмүүс байв? Одоо хаана амьдардаг вэ?
-Миний аав, ээж малчин хүмүүс байдаг юм. Манай аав Эрдэнэт үйлдвэрт ерөнхий инженерээр таван жил ажилласан, боловсрол мэдлэг тэгш сайхан хүн бий. Ээж маань аварга саальчин хүн, гадаад дотоодод их явдаг байсан гэж ярьдаг. Би нэг эгчтэй, гэр бүлээрээ бахархахгүй байхын аргагүй тийм л сайхан хүмүүс. Одоо аав ээж хоёр минь сумандаа мал маллан амьдарч байна. Эгч маань аав ээждээ түшиг тулгуур нь болж малаа маллаад явж байна.

-Аав ээжийн тань захидаг үг? Хол байхаар санаж байгаа байх?
-Хаана ч явсан ядарсан ч жаргасан ч эрүүл мэнддээ л сайн анхаарч бай гэж захидаг даа. Одоо ч утсаар ярихаар мөнгө чухал биш хурдан ир л гэдэг юм. Хүү нь дүү нь энд ирсэн зорилгоо биелүүлээд удахгүй та нартаа очно оо гэж хэлмээр байна. Энэ завшааныг ашиглаад аав Б.Мөнхтуул, ээж Д.Батзаяа, эгч М.Должинсүрэн гуравтаа маш их хайртай шүү, эрүүл энх байгаарай гэж хэлье дээ.

-Багадаа ямархуу хүүхэд байв? Сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцвал?
-Багадаа ер нь даруухан хүүхэд байсан шүү. Нэгээс 10-р анги төгстлөө сургуулийн дотуур байранд амьдардаг байлаа. Дотуур байранд бол хөгжилтэй зүйл их болно доо. Тулгамдаад сайн санахгүй байна.

-Сайхан амьдрах, сайн явах санааных гэдэг. Энэ талаарх бодлоо хуваалцаач?
-Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаад, сайхан амьдрах боломж хүн бүрт бий. Миний бодлоор хүн залуу насандаа бүх зовлонгоо үүрч /зовлон ч юу байхав/ залхууралгүй ажиллачихаад насны эцэст сэтгэл тайван амьдрах нь зүйтэй. Залуу насандаа санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй л гэх гээд байгаа юм.

-Залуу хүнтэй ярилцаж байгаагийнх хүсэл мөрөөдлийнх нь тухай асуухгүй өнгөрч боломгүй. “Хүсэл дууссан газар, Хүн өөрөө дуусдаг” гэж саяхан нэг найз маань нүүр хуудсандаа бичжээ. Энэ тухай таны бодол?
-Сайхан асуулт байна. Хүн болгон хүсэл мөрөөдөлтэй. Хүний мөрөөдөл гэдэг амьтай зүйл юм. Амьд юм болгон хэрэгцээ шаардлагатай байдгийн адил хүсэл ч гэсэн өөрийн гэсэн хэрэгцээтэй. Нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Үүний тулд эхлээд биеэ тэгээд гэрээ засах хэрэгтэй. Одоогоор гэрээ засахаар хөдөлмөрлөж байна.

-“Залуу хүн зорилгогүй бол эх оронд нь ирээдүй үгүй”, Зорилготой хvн таваг дvvрэн боломж ярьдаг Зорилгогvй хvн таваг дvvрэн бэрхшээл тоочдог” гээд л олон янзаар тодорхойлдог. Зорилгын тухай?
-Хүний амьдралд ямар ч саад бэрхшээл тулгарч болох ч тэр бүгдийг давалгүйгээр зорилгодоо хүрнэ гэж үгүй. Гадаа хэдий жавартай хүйтэн байсан ч зорилго тээсэн миний сэтгэлд хүсэл мөрөөдөл гал халуунаар дүрэлзэж байна. Учир нь нисээд буух биш гулсаад очих газраа мэдэж байгаа болохоор алдаж бүдэрсэн ч босоод алхах урам зориг надад бий. “Өчигдөр бол багш өнөөдөр бол ирээдүйн эхлэл” гэдэг үгийг ямагт санаж явдаг. Тиймээс ч би зорилгодоо хүрэхийн тулд саад болгоныг давах хүчтэй бас итгэлтэй байна. Хүсэл, итгэл, тэмүүлэл маань зорилгодоо хүрэх түлхүүр минь болж хүрэх зорилго маань хэдий хол ч бат зогсох зүтгэл хэрэгтэй. Үүнийхээ төлөө ч бат зогсохыг хичээдэг, энэ л зан чанарыг аав ээжээсээ өвлөсөн.

-Чиний сэтгэлийг юу зовоодог вэ? Эмзэглэж явдаг асуудал ч гэх юмуу?
-Миний сэтгэлийг зовоодог их олон зүйл бий. Үр хүүхдийн минь ирээдүй, улс орон минь. Хайртай бүхнээ сайхан амьдруулах чин хүсэлтэй. Одоогоор улс орны минь амьдрал хүнд, залуусын итгэл сул байгаа ч ирээдүй сайхан байх болно гэдэгт итгэдэг. Үүнд залуус бидний хичээл зүтгэл чухал. Гэр бүл салж, үр хүүхэд өнчирч байгаад эмзэглэдэг. Хүн бүр тэр тусмаа залуус хариуцлагатай байж, үр хүүхдээ сайн сайхан хүмүүжилтэй болгох нь эх орондоо оруулах том хувь нэмэр юмуу даа.

-Яг одоо юу хүсч байна вэ?
-Монголдоо хурдан очих юмсан л гэж бодож байна. Гэхдээ ямар ч байсан байрныхаа зээлийг дуусгаад, өргүй болчихоод очно доо. Энд байх хугацаандаа үйлдвэржилт, хөгжил дэвшлийнх нь тухай сайн судлаад, сураад явна даа гээд л зүтгэж байна.

-Чамд амжилт хүсье. Зорилгодоо заавал хүрээрэй.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ