УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн товыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-27 07:46:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын таван байнгын хороо өнөөдөр хуралдахаар тов гаргажээ.

Байнгын хороод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэх юм. 

Мөн өнөөдөр Цахим бодлогын түр хороооны анхны хуралдаан болж, даргаа томилох бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол болон сонгуультай холбоотой бусад тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Туул голын эргийн дагуу Баянзүрхийн гүүрнээс яармагийн гүүр хүртэлх газар ашиглах, барилга барих эрхийн зөвшөөрөл олгосон асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг даргын мэдээлэл сонсох юм байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ