Хархорин суманд малын гоц халдварт шүлхий өвчин дахин гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-26 18:01:43
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Нарийнхүр буюу 4 дүгээр багийн “Зүүн намаг” хэмээх газар малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна.  Малчин Ч-ын 5 хонь, Э-ийн 4 хонь, нэг ямаанд өвчний шинж тэмдэг илэрснийг 6 дугаар сарын 23-ны өдөр Улсын мал эмнэлгийн төв лабораторид шинжлүүлж, шүлхий өвчин болох нь тогтоогджээ.
Тиймээс сумын Засаг даргын А/150 дугаар захирамжаар хугацаагүй хорио цээрийн дэглэм тогтоож, шүлхийгээр өвчилсөн 10 богийг тусгаарлаж, 9113 толгой малыг вакцинжуулан  4452 м2 талбайг ариутган халдваргүйжүүлээд байна. Тус суманд хяналтын 5 пост байгуулж, 30 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм. Голомтын бүсэд 35 айл өрхийн 6843 хонь, 3857 ямаа, 1297 үхэр, 1263 адуу нийт 13260 мал байгаа аж.  
Хархорин сумтай хил залгаа Архангай аймгийн зургаан суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгааг аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат хэллээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ