“Алтан хөхий уул”-ыг тахих ёслол ирэх сарын 6-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-25 19:32:07
Ховд/МОНЦАМЭ/ Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа шүтэн дээдлэх заншлын дагуу Мянгад сумын ”Алтан Хөхий уул”-ын тахилгыг энэ оны 7 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулна.
 
Ховд аймгийн Мянгад, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нийт 90,735 орчим га нутгийг хамарсан үзэсгэлэнт “Алтан Хөхий” уул нь баруун аймгуудын олон үндэстэн, ястны шүтээн уул юм. “Алтан Хөхий” уулыг нутгийн иргэд 1761 оноос хойш өнөөг хүртэл тахиж ирсэн уламжлалтай бөгөөд 2005 онд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигаар төрийн тахилгатай уул болгожээ.
Монголын төрийн тахилгат “Алтын Хөхий уул” нь Монгол Алтай болон Их нууруудын хотгорын заагт цөлөрхөг хээр, цөлийн бүс рүү түрэн орж орших бөгөөд энд Монгол орны нутаг дэвсгэрт илэрдэг өндөр уул, бэсрэг нам уулс, бэл, ухаа гүвээт тал, толгод, тэгш дэнж, хотос хөндий, сайр хавцал, гүн жалга зэрэг олон ялгаат экосистем зэрэгцэн оршдог юм.
“Алтан Хөхийн уул” нь далайн түвшнээс дээш дунджаар 2500-3000 метрт орших ба хамгийн өндөр оргил болох Өндөр Хөхийн уул нь 3350м өндөрт өргөгдсөн байна.

А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ