Ж.Батзандан: Захиргааны шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргавал Монголд дарангуйлал тогтоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-19 14:24:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийв. 
 
Өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг байхгүй болгох талаар тусгасан талаар Ж.Батзандан гишүүн мэдээллийнхээ эхэнд онцлов. Ингэснээр Захиргааны шүүхийн хяналтаас Засгийн газар, түүний харъяа байгууллагууд, орон нутгийн байгууллагуудыг гаргаж, Захиргааны болон Засгийн газрын байгууллагуудын хууль бус шийдвэрүүдийн талаар иргэн гомдол гаргах эрхгүй болох нөхцөл бүрдэнэ хэмээн тайлбарлаж байлаа.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 3.1.1-т Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нийтийн захиргааны шийдвэр үйл ажиллагааг захиргааны шүүхийн хяналтаас гаргах, 5.5.1 заалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нутгийн захиргааны бусад байгууллагыг захиргааны хэргийн шүүхээс гаргахаар оруулж ирж байна гэв.

Тэрбээр "Хэрвээ Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж Захиргааны шүүхийг ажилгүй болгох гэж байгаа бол Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудыг хууль дээдлэх зарчмаас гадуур дураараа авирлах гэж байгаа бол хүний эрхийн эсрэг ухралт болно. 1992 оны Үндсэн хуулиар төрөлжсөн шүүх байгуулж болно гэсэн заалтыг анх удаа оруулж ирсэн. Төрөлжсөн шүүхийг байгуулах хүрээнд 2004 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж Захиргааны шүүхийг анх удаа байгуулсан түүхтэй. Ингэснээр Захиргааны болон Засгийн газрын байгууллагуудын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох, хүний эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг  түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг Захиргааны хэргийн шүүхэд олгосон. 2004 оноос хойш Захиргааны шүүх сайн ажиллаж байгаа гэж би дүгнэнэ. Засгийн газрын дураараа загнахыг таслан зогсоож чадаж байгаа гэж харж байна. Алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр алдаа оноог нь засах гэж байна гээд Захиргааны шүүхийг буулгах, тус шүүхийг хүчгүйдүүлэх гэсэн Засгийн газрын дураараа загналтыг дэмжсэн хуулийн төслийг яавч оруулж ирж болохгүй. Хэрэв энэ хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Монгол Улсад дарангуйлал тогтоно. Засгийн газар болон түүний харъяа бүх байгууллагын шийдвэрүүд хяналтаас гарна. Үүнийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч болохгүй" гэлээ.

Тэрбээр мөн банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ 500 гаруй тэрбум төгрөгийг нөхцөл байдал нь хүндэрсэн хэдэн банкинд хувааж өгөх талаар ярьж буй нь татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран  хийх гэсэн оролдлого хэмээв. Түүнчлэн С.Зориг агсны гэргий Б.Булган Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон Хууль зүйн дэд сайд, Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд захидал хүргүүлсэн талаар хэлээд "Захидалд Б.Булган буюу С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч нь одоо ял аваад буй гурван хүнийг танихгүй, хэзээ ч энэ гурван хүнийг харж байгаагүй гэж захидалдаа бичсэн байна. Өөрөөр хэлбэл, амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өгсөн нь хүний эрхийн ноцтой зөрчил мөн" гэлээ.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

 
Холбоотой мэдээ