Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд 12 дахь удаагаа илгээлт тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 14:01:53

12-р сарын 3-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны  хуралд  жил бүрийн  уламжлалт илгээлтээ тавилаа.

Оросын нэн шинэ түүхэнд 22 дахь удаагийн болон Владимир Путины хувьд 12  дахь удаагийн энэхүү илгээлтийг хүлээн авахаар Кремлийн ордны Георгийн болон Александрын танхимуудад  парламентын хоёр танхимын гишүүд болон Засгийн газрын гишүүд  хуран цугларчээ. Арга хэмжээг сурвалжлахаар гадаад , дотоодын  500 сурвалжлагчид  оролцов.   

Ерөнхийлөгч Путин илгээлтийнхээ эхэнд шудрага үнэн, хойч ирээдүйн сайн сайхны төлөө Сирид алтан амиа алдасан оросын цэргийнхний гэгээн дурсгалыг хүндэтгэхийг уриалж, танхим нэг хором дуугуй зогсч хүндэтгэл үзүүлсэн.   

Владимир Путин хэлсэн үгэндээ, Түрк улсын үйлдсэн цэргийн гэмт хэрэг бол жигшүүртэй хэрэг бөгөөд тус улсын удирдлага улаан лооль, барилгын компаниудын хориг төдийхнөөр шийтгэлээс мултарна гэж бодож байгаа бол туйлын алдаж байна “хэмээн хэлсэн. Тэрээр “тэд манай улстай холбоотой жигшүүрт гэмт хэрэг үйлдсэндээ нэг бус удаа  харамсах болно” гэсэн.  

Орос улсын тэргүүн терроризмтэй тэмцэхэд “хоёрдмол стандарт” хэрхэвч байх ёсгүй гэдэгт итгэлтэй байна гэсэн. “Лалын улсын” эсрэг үр ашигтай тэмцэхэд түүнтэй аливаа харилцааг бүрэн  зогсоох нь маш чухал. Хамгийн гол нь  дэлхий дахинд хэн ч терроризмыг  өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн  ашиглах ёсгүй юм” гэж Оросын тэргүүн хэлсэн. Ерөнхийлөгч Путин “үл бүтэх хүмүүстэй бизнес эрхэлж хэрхэвч болохгуй, учир нь тэд цус  дагуулдаг “гэлээ.

Орос улсын ерөнхийлөгчийн жил бүрийн 12 –р сард Холбооны хуралд өргөн барьдаг энэхүү илгээлт нь тус улсын өнгөрч буй онд хийж бүтээсэн ололт амжилт, алдаа дутагдлыг дүгнэн, цаашдын зорилтыг дэвшүүлсэн суурь баримт бичиг юм. Сонирхолтой нь ерөнхийлөгч  Путин энэ удаа илгээлтийнхээ дөрөвний гурвыг тус улсын дотоод бодлого, нийгэм -эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд хандуулжээ. Тэрээр  улс орны өнөөгийн эдийн засгийн байдлын талаар  хэлэхдээ хүнд хэцүү байна, гэхдээ хямралын бус, эерэг чиг хандлагууд ажиглагдаж байна хэмээсэн.

Оросын ерөнхийлөгч Украйны асуудалтай холбоотой  нэг ч өгүүлбэр хэлсэнгүй  үүнийг оросын улс төрчид үүнийг  украйны асуудал хоёрдугаарт тавигдах болсонтой холбон тайлбарлаж байна.  

Ерөнхийлөгч  Владимир Путины  Холбооны  хуралд илтгээлт тавих ёслолын арга  хэмжээ төрийн дууллаар  өндөрлөв.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ