“Хүлээж биш-хүрч үйлчилье” аян урд бүсийн сумдаас эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-11 22:45:39

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Хүлээж биш-хүрч үйлчилье” нэртэй аяныг эхлүүлээд байна. Төрөөс хөдөлмөр халамжийн чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааг сурталчилж төрийн үйлчилгээг алслагдсан сумдын иргэдэд түргэн шуурхай бодитойгоор хүргэж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой аянд 24 сумын иргэд хамрагдана.
“Хүлээж биш-хүрч үйлчилье” сарын аяныг аймгийн урд бүсийн сум болох Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуутаас эхэлж 500 гаруй иргэн оролцжээ. Аяны хүрээнд хөдөлмөр эрхлэлт халамжийн чиглэлээр баримталж буй бодлого үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ тэдний санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэсэн байна.  Мөн хөдөөгийн сумдын иргэдээс хамгийн их  ирүүлдэг санал хүсэлтийн дагуу ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай хэрэгсэлээр үйлчилдэг ТББ-уудтай хамтарч  620 гаруй иргэнд нүдний хараа шалгах, харааны шил тааруулах, чих хамар хоолойн оношилгоо эмчилгээ хийх аппарат тааруулах, шүд хийх, таяг, тэргэнцэр, нурууны хамгаалалт, өвдгөвч зэрэг иргэдэд шаардлагатай тусгай хэрэгсэл олгожээ. Цаашид аяны хүрээнд аймгийн 24 суманд очиж цогц хэлбэрээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх аж.
"Иргэд ч ам сайтай байна. Төрийн үйлчилгээг цогц, чирэгдэлгүй хэлбэрээр иргэн бүрт хүргэж ажиллана гэдэг төрийн байгууллага, төрийн албан хаагчийн эрхэм үүрэг юм" хэмээн аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газрын мэдээллийн албанаас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

 


Холбоотой мэдээ